Ховд аймагт Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны уламжлалт найрамдлын сарын ажил эхэлж байгааг тохиолдуулан хэл шинжлэлийн ухааны доктор, доцент Дэлэгнямын Нямааг урьж ярилцлаа.
-Таныг Ховдынхон “Орос хэлний Нямаа” багш гэдгээр илүү таньдаг. Юуны өмнө та өөрийнхээ тухай товч танилцуулна уу?
-Баярлалаа. Миний эзэмшсэн мэргэжлийн онцлог гэхүүдээ. Нэг удаа би ОХУ-ын Алтайн хязгаарын Белокуриха хотод «Алтай-бидний нийтийн гэр» олон улсын зохицуулах зөвлөлийн хуралд оролцож байхдаа: Орос хэл миний амьдрал, талх гэж хэлснийг минь орос найзууд бахархан ярьдаг юм. Үнэхээр миний амьдрал Орос оронтой, аугаа их орос хэлтэй салшгүй холбоотой. Их сургуулиа ЗХУ-ын Дорнод Сибирийн нийслэл Эрхүү хотод төгсөж орос хэл, утга зохиолын багш. Дараа нь ОХУ, Томскийн УИС-ийн аспирантурыг дүүргэж хэл шинжлэлийн ухааны докторын (PhD) зэрэг хамгаалах сайхан хувь надад тохиосон. Тийм болохоор хайрт аав ээж, эгч, ах дүү нар, сайн хань үр хүүхдүүддээ болон хамтран ажиллаж байсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж явдаг.
Миний хувьд эргээд бодоход орос хэлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд багагүй зүйл хийсэн юм шиг санагддаг. Ховд их сургуульд багшаар ажиллаж байхдаа гэрээний дагуу БНХАУ-ын Шинжааны багшийн сургуульд орос хэл зааж байсан. Одоо Алтайн их сургуульд гадаад оюутнуудад орос хэл зааж байна. Энэ жил манай танхимд хятадын 150 гаруй оюутан элсэн суралцаж байна. Орчуулгын онол, соёл хоорондын харилцаа гэсэн хоёр хичээлийг цахим хэлбэрээр зааж байгаа. Ер нь амсхийх завгүй л байна шүү.
Аймгийнхаа гадаад харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийн талаар 2005-2017 онд ажиллаж байсан аймгийн үе үеийн удирдлагууд, ЗДТГ-т хамт ажиллаж байсан төрийн албан хаагчид, баруун аймгуудын зарим мэргэжил нэгт нөхөд маань сайн мэдэж байгаа байх.
Харин хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хэрхэн ажиллаж байсан талаар манай ГХЯ, ОХУ-ын Алтайн хязгаар, Алтайн БНУ, БНТува улс, БНХАУ-ын ШУӨЗО-ны удирдлагуудаас асуусан бол хариулах байсан байхаа. (инээв).
-Та аймгийнхаа гадаад харилцааны бодлого хариуцаж ажилладаг байсан. Улмаар Ховд аймагтаа Оросын шинжлэх ухааны салбар төв байгуулах болсон нь үнэхээр сайшаалтай санагдаж байна. Танай төв ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-2017 онд Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухаан соёлын төвийн захирал асан Е.Г. Михайлов, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар гэрээнд гарын үсэг зурж Ховд аймагт Орос хэлний салбар төв байгуулсан.
“Хөрш хөршөө сонгодоггүй” гэсэн нэг сайхан үг байдаг. Монгол, Орос бол мөнхийн хөршүүд. Миний бодлоор хүүхэд залуучууд маань хоёр хөрш орныхоо хэл соёлоос суралцах нь илүү дөхөм, өргөн боломжтой гэж үздэг. Тэгээд ч орос хэлний дүрэм, өгүүлбэр зүй, тухайн хэлний зүй тогтлыг ойлгосон хүн бусад гадаад хэл, жишээлбэл англи хэлийг маш амархан сурдаг.
Оросын соёл, шинжлэх ухааны Улаанбаатар хот дахь төвийн салбарын хувьд манай орос хэлний төв хамгийн гол нь ОХУ-ын шилдэг их дээд сургуульд үнэ төлбөргүй, тэтгэлэгээр суралцах хүсэлтэй сурагчдад орос хэлний эрчимжсэн сургалт явуулна. ОХУ-ын Засгийн газраас жил бүр ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч, залуучуудад зориулж 500 тэтгэлэг олгодог байсан. Харин энэ жил тус тэтгэлэгийг 550 болголоо. Энэ ховорхон боломжийг Ховд аймгийн хүүхэд, залуучууд алдмааргүй байна. Сурагчид төдийгүй төрийн албан хаагчдад энэ хөтөлбөрт хамрагдаж магистрантур, докторантурт суралцах, мэргэжил дээшлүүлэх өргөн боломж бий. Үүний тулд тусгай хуваарийн дагуу Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчидтай уулзалт хийж байна. Дараа нь төрийн албан хаагч болон хөдөөгийн сургуультай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
-Орос хэл сурах сонирхол, хэрэгцээ өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байна гэж та үзэх вэ? Ховд аймагт орос хэлний сургалт хэр явагддаг вэ?
-Хил орчмын хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, соёл, урлагийн чиглэлээр манай аймаг нилээд сайн харилцаатай, нэр хүндтэй. Сүүлийн үед коронавирусний халдварын нөлөөгөөр улс орнууд хилээ хааж хөл хорио тогтоосон болохоор зогсонги байдалтай байна. Мэдээж сайхан цаг ирж хөл хорио тавигдаж, улс орнууд хилээ нээх нь гарцаагүй.
“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчилэн орос хэлээ сайн сурч байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Миний мэдэж байгаагаар Москва, Санкт-Петрбург, Барнаул, Новосибирск, Казань, Томск зэрэг хотод манай аймгийн оюутнууд орос хэл, архитектур, анагаах, соёл урлаг, инженерийн мэргэжлээс гадна докторантурт суралцаж байгаа.
Өнгөрсөн жил манай аймгаас 5 сурагч Оросын Засгийн Газрын тэтгэлэг авсан. 2020-2021 оны хичээлийн жилийн эхний хагаст коронавирусний халдварын нөлөөгөөр Оросын их дээд сургуулиуд цахимаар зайны сургалт явуулж байна. Ийм учраас эдгээр оюутнууд хараахан сургуульдаа очиж амжаагүй байгаа юм.
- Хоёр орны уламжлалт найрамдалт харилцааны хүрээнд Ховд аймагт тогтмол явагддаг, олны сонирхол татсан ажлуудаас онцолж танилцуулна уу?
-2017 онд ОХУ-ын Алтайн их сургуультай хамтран Монгол-Оросын найрамдлын өдрүүд, 2018 оны 11 дүгээр сард Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд оросын соёл, орос хэлний баяр зохион байгуулсан.
Мөн 2019 оны гуравдугаар сарын 11-12-нд манай Орос хэлний төвийн салбарын санаачилга, Ховд аймгийн Засаг даргын дэмжлэгээр Боловсрол, соёлын газартай хамтран Монгол, Оросын хил дамнасан хамтын ажиллагааны түүхэнд анх удаа “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” үйл ажиллагаа зохион байгууллаа.
Түүнчлэн Оросын шинжлэх ухаан, соёлын төв, UBS телевизтэй хамтран зохион байгуулсан “Бидний дуртай дуу” оросын дууны онлайн-уралдаан, Аугаа их Ялалтын 75 жилийн ойг тохилдуулан “День Победы” оюутнуудын театрчилсан тоглолт зэрэг томоохон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан туршлага бий.
-Та орос хэлний сургалтын төвийг Ховд аймагт байгуулсан. Ингэхдээ сургалтын ямар шинэлэг хэлбэрийг санал болгож байна вэ?
-Манай төвийн үйл ажиллагааг 2017 оноос эхлэн дэмжин ажиллаж байгаа аймгийн удирдлагууд, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Цаст Алтай цогцолбор сургуулийн захирал П.Алтанлхагва төдийгүй Оросын хамтын ажиллагааны байгууллагад талархал илэрхийлж байна. Бид гадаад хэлний сургалтын орчин үеийн заах аргаар хичээлээ явуулахаас гадна сурагчдыг ярих, бичих, сонсох, зөв дуудлага зэрэгт сургахад анхаарч, тухайн сурагчийн чөлөөт цагт нийцүүлэн сургалтаа явуулна.
Түүнчлэн манай төвийг түшиглэн орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх, цэцэрлэгийн хүүхдүүдэд орос дуу шүлэг заах, ахмад багш нар, ЗХУ, ОХУ-д сургууль төгсөгчдийн холбоотой хамтран олон төрлийн уралдаан тэмцээнийг санаачлан зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ жил манай төв Монгол Улсынхаа хэмжээнд шилдэг тэргүүний төв болж, ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх А.Р.Базархандаев орос хэлний чухал хэрэгцээтэй ном сурах бичгээр шагнасан явдалд үнэхээр баяртай байгаа.
-Ярилцсанд баярлалаа.