“Ховд-Хонгио” уулын дугуйн буухиа тэмцээн болно



Ховд аймгийн Монгол Алтай дугуйн холбооноос “Ховд-Хонгио” 4х20 багийн уулын дугуйн буухиа тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Ховд аймгийн Монгол Алтай дугуйн холбооноос гаргасан төлөвлөгөөний дагуу энэ оны наймдугаар сарын 01-02-ны өдөр зохион байгуулна. Энэхүү тэмцээн 18-25, 26-45, 45-аас дээш гэсэн гурван насны ангилалтай. Оролцогчид Ховд аймгийн төв буюу Хуучин Нефьтийн гурван замын уулзварын 0 цэг дээрээс Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн Дундын хар овоо гэх газар хүртэл нийт 80 км замд уралдах юм. Ингэхдээ баг тус бүр дөрвөн гишүүнтэй оролцоно. Нэг хүн 20 км зам туулах аж. Улмаар тамирчдын багийн дүнг зай тус бүрт үзүүлсэн амжилтын нийлбэрээр тооцож байр эзлүүлнэ. Эхний гурван байрт шалгарсан тамирчдад өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал олгоно гэж албаны эх сурвалж мэдээллээ.  
Мөн тамирчдын бүрдүүлэх зарим зүйлийг танилцуулбал: эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх, багийн мандатын үнэ 100 мянган төгрөг, хонох тамирчид хувийн бэлтгэл хангах буюу майхан, хоол хүнс, унаа бэлдэх гэжээ. Уг тэмцээний техникийн зөвлөгөөн маргааш буюу долоодугаар сарын 31-ний өдөр Орос 12 айлын орон сууцны 01 тоотод болох ба  оролцогчдын мэдүүлэг хүлээн авах юм. Тэмцээний үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 9917-6970, 9903-0392 утасаар лавлах боломжтой. Энэхүү тэмцээн нь мэргэжлийн дугуйчдын уралдах техник, арга барилд суралцах, харилцан туршлага солилцох, өсөх ирээдүйтэй залуу тамирчдыг тодруулах, дугуйн спортыг сурталчлахад чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд онцоллоо. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ