Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Ховд аймгийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын начин И.Мөнхбаатар, Улсын начин Ч.Цогбаяр нараар манлайлуулсан 128 бөх хүч бяраа сорин наадамчин олноо баясган барилдсанаас аймгийн арслан 3, аймгийн заан 6, аймгийн харцага 6, аймгийн начин 15, сумын заан, начин 33 байв.
Ховд аймгийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 6-ын даваа, их шөвөгт Ховд аймгийн Булган сумын харьяат, Ховд бөхийн дэвжээний бөх аймгийн арслан Д.Бадамгарав Ховд аймгийн Дөргөн сумын харьяат Ховд бөхийн дэвжээний залуу бөх Г.Дармаажанцанг амлаж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, Ховд бөхийн дэвжээний бөх аймгийн заан Ц.Төмөрцоож, Ховд аймгийн Булган сумын Харьяат, Ховд бөхийн дэвжээний бөх аймгийн харцага Б.Анхжаргал нар тунан барилдав. Энэ даваанд Ховд аймгийн Булган сумын харьяат, Ховд бөхийн дэвжээний бөх аймгийн арслан Д.Бадамгарав, Ховд аймгийн Булган сумын Харьяат, Ховд бөхийн дэвжээний бөх аймгийн харцага Б.Анхжаргал нар шөвгөрөв.
Харин Дөргөн сумын харьяат залуу бөх Г.Дармаажанцан 6 давж аймгийн заан цолны болзол хангасан бол Мөст сумын харьяат, аймгийн заан Ц.Төмөрцоож 6 даван аймгийн заан цолоо баталлаа.
Үзүүр түрүү булаалдахаар аймгийн заан Ц.Төмөрцоож, залуу бөх Г.Дармаажанцан нар тунаж үлдсэнээс аймгийн заан Ц.Төмөрцоож долоо даван түрүүлж аймгийн арслан цолтон болсон юм.
Ийнхүү энэ жилийн Ховд аймгийн баяр наадмаар нэг аймгийн заан, нэг аймгийн арслан цолтон төрөн гарч олон ястны өлгий Ховд нутгийн зон олон сайхан наадлаа. Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд хүч үзэн барилдаж наадамчин олноо баясган шинээр аймгийн заан, аймгийн арслан цолны болзол хангасан бөхчүүдийн шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэв.
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн жаяг дэгийн багт хөлийн цэцээр аймгийн арслан Р.Галсандаваа, аймгийн начин Ц.Балжаа, ахлах гарын даагаар С.Загдсүрэн, гарын даагаар Г.Авирмэд, Т.Амарсайхан, хаяавчаар Ч.Адилбиш, Б.Батмөнх, бөхийн тайлбарлагчаар аймгийн ахлах тайлбарлагч Б.Даваасүрэн нар ажиллав. Мөн Үзүүр түрүүний бөхийн зүүн талын тэргүүн магнайд аймгийн заан Ц.Төмөрцоожийн засуулаар Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, Улсын бөх цоллооч, Улсын ахлах засуул, МУСТА П.Буджав, Баруун талын тэргүүн магнайд Залуу бөх Г.Дармаажанцангийн засуулаар Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын бөх цоллооч, Улсын бөх засуул Б.Булгаа нар ажиллалаа.
Мөн энэ үеэр Ховд аймгийнхаа баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны зүлэг ногоон дэвжээнээ наадамчин олноо баясган уран хурц мэх, хүч, чадал, эр бяраа гайхуулан нэгэн цагт барилдаж явсан аймгийн цолтой 15 ахмад бөхөд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.