Үндэсний их баяр наадам Ховд аймагт амжилттай үргэлжилж байна. Монголын ард түмний эдүгээ хүртэл оршин тогтносон түүхийн урт хугацааны туршид бүтээсэн уламжлалт өв соёлын салшгүй хэсэг бол сурын харваа юм. Энэхүү спортын төрлөөр 10 гаруй жил хичээллэж байгаа Ховд аймаг дахь Цагдаагийн газрын харваач Баттулгын Сүх-Очиртой цөөн хором ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн 2019 онд “Аймгийн гарамгай харваач” цол хүртсэн туршлагатай, залуу харваачдын төлөөлөл юм.
-Сайн байна уу?. Та сурын харвааны спортоор хичээллэж эхэлсэн түүхээс хуваалцахгүй юу?
-Сайн. Сайн байна уу?. Би Ховд аймгийн Мөнххайрхан сумын гаралтай. Одоо аймгийн төв буюу Жаргалант суманд амьдарч байна Тэртээ 2008 оноос эхлэн багш Э.Хосбаярын удирдлага дор сурын харвааны спортоор хичээллэж эхэлсэн. Анх урианхай сурын харваагаар хичээллэж байсан. Харин сүүлийн үед халх сурын харваагаар түлхүү хичээллэх боллоо.
-Сурын харвааны спортоор хичээллэхэд анхаарах гол зүйл юу вэ?
-Сурын харвааг үндсэндээ сэтгэл зүйн спорт гэж ярьдаг. Тэр утгаараа хүний сэтгэл зүйг маш тогтвортой болгож өгдөг. Сэтгэл зүй тогтвортой байж гэмээн амжилт олно. Тиймээс сэтгэл зүйгээ маш сайн бэлтгэх хэрэгтэй. Мөн тухайн харваачаас идэвх, сэтгэл зүтгэл, хөдөлмөр, цаг хугацаа их шаарддаг. Миний бодлоор сурын спортоор хичээллэх хүсэлтэй иргэн 25-аас дээш настай бол их тохиромжтой гэж үздэг. Хүүхдийн сэтгэл зүй харьцангуй тогтворгүй байдаг учраас сөрөг нөлөө үзүүлэх, техникийн алдаа гаргах зэрэг асуудал үүсэх магадлалтай.
-Хүмүүс дуртай зүйлдээ цаг гаргадаг, түүнд тэмүүлдэг. Таны хувьд яагаад энэ спортод дуртай болов ?
-Миний хувьд анх сурын харвааны спортоор хичээллэх үед 20 настай байлаа. Тэгээд сурын харваа нь хүнд тэвчээр, хатуужил сургадаг болохыг цаг хугацааны явцад ойлгож ухаарсан. Мөн монгол хүний ёс суртахуун, гоо зүй, зан үйлийн уламжлалыг шингээсэн төдийгүй хурц хараа, хүч чармайлт, эвсэл шаарддаг үндэсний уламжлалт спортын нэг төрөл учраас би их дуртай.
-Тэмцээн уралдаанд оролцоход алдаа гаргах үе бий. Тэр үед өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
-Спорт гэдэг алдаа оноотой янз бүр л байдаг. Тийм учраас алдаа гаргасан тохиолдолд өөртөө дүгнэлт хийнэ. Өөрийнхөө алдааг бусад хүнээс биш өөрөөсөө л эрж хайна. Тэгэхээр нум сумаа тохируулахаас эхлээд бүх зүйл ъөв байх ёстой. Бүх зүйлийг техникийн дагуу нэгэн жигд хийхийн тулд бэлтгэл сургуулилт их хийнэ. Олон удаагийн бэлтгэлийн үр дүн сайн байж гэмээн амжилтад хүрнэ гэж боддог.
-Наадмын бэлтгэлээ хэрхэн хангасан талаар хуваалцахгүй юу?
-Үндсэн ажлынхаа хажуугаар цаг зав гарган бэлтгэлээ хийсэн. Сурын харвааны хамт олонтойгоо ярилцаад, нэг цаг хугацаанд бэлтгэл хийдэг. Учир нь ганцаараа сурын талбайд бэлтгэл хийхээс илүүтэй олуулаа байх нь үр дүнтэй.
Сэтгэл зүтгэл, зорилго тэмүүлэл нэгдсэн олон хүнтэй хамтраад бэлтгэл хийх сайхан. Мөн цөөхөн сумыг стандартын дагуу тавих учиртай. Иймд алдаа оноогоо дүгнэхэд хамтын хүч, хамт олны үүрэг оролцоо чухал үүрэгтэй бөгөөд харилцан туршлага солилцож байгаагаараа давуу тадтай юм. Ер нь сурын харваа гэдэг сурч ханахгүй баялаг өв.
-Орон нутагт сурын харваа хэрхэн хөгжиж байна вэ?, Залуу харваачийн хувьд санал бодлоо хуваалцана уу?
-Ховд аймагт сурын харвааны спорт эрчимтэй хөгжиж, харваачдын ур чадвар сайжирч байгаа гэж боддог. Анх Дуут, Мөнххайрхан, Жаргалант сумын иргэд л сур харваж эхэлсэн байдаг. Тэгвэл одоо Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн, Манхан, Зэрэг, Булган зэрэг сумдад сур харвааны өв уламжлал, үүх түүх өргөжиж байгаа юм. Залуу хүний хувьд сурын харвааг цаашид улам дэлгэрүүлэн хөгжүүлээсэй хэмээн хүсдэг. Манай аймгийн сурын холбоо энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаад баяртай байна. Мөн сур харвааны өв уламжлалыг тээн, олон жил харвахын зэрэгцээ бусдад заан сургаж яваа ахмад харваач олон байгаа нь сайшаалтай.
-Та сурын харвааны спортод гаргасан амжилтаасаа хуваалцахгүй юу?
-Би 2012 онд Мөнххайрхан суманд байхдаа “Сумын мэргэн” цолны болзол хангасан. Улмаар олон удаагийн баяр наадам, уралдаан тэмцээнд амжилт үзүүлж явсан. Тухайлбал, 2019 онд Ховд аймгийн гарамгай харваач гэх цол тэмдэгээр шагнагдсан байна.
-Таны цаашдын зорилт юу вэ?
-Миний хувьд сурын харвааны спортоор хичээллээд эхэлсэн тул амжилтаа ахиулах, Монгол Улсын мэргэн, Гарамгай мэргэн гэх мэт цолны болзолд хүрэхийг зорьж байна. Мөн сурын харвааг хөгжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулж, хүүхэд багачуудад харвах арга, техникээс зааж сургана. Үндэсний соёлын өв уламжлалыг шингээсэн агуу спорт учраас залуу харваачид шантрахгүй, тууштай хичээллээрэй гэж уриалмаар байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.