Тэртээ 99 жилийн өмнө 1921 оны энэ өдөр улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдаж, улмаар бүрэн эрхт Монгол улсын Тусгаар тогтнолын төлөө харийн түрэмгийлэгчидтэй тэмцэх Ардын хувьсгалыг өрнүүлэн, удирдаж ялалт байгуулсан түүхтэй. Улмаар энэ өдрийг УИХ-ын 2011 оны нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсад улс төрийн ууган хүчин үүссэн
“Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчлан баталгаажуулсан байдаг.
“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Засаг дарга, Монгол Ардын намын хорооны дарга Б.Дүгэржав мэндчилгээ дэвшүүлжээ.
Уг мэндчилгээнд:
"Эвийн хүч Ихрийн сэтгэлтэй олон угсаатны өлгий Ховд нутгийн зон олон, ахан дүүс ээ!
Үйлс, зорилго нэгтэй Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид,
Эрхэм журмын нөхөд өө!
Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашиг, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ололт амжилт бүрийн манлайлагч нь байж ирсэн та бүхэндээ нэгэн зууны түүхтэй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 99 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлж, мэндчилье.
Монгол улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, амжилт ололт бүхэн МАН-ын түүхтэй салшгүй холбоотой билээ. Эцэг өвгөдийнхөө залуу нас, халуун сэтгэл, хатан зоригоороо тэмцэн байж авчирсан эрх чөлөө, тусгаар тогтнолыг бэхжүүлэн хамгаалах, эх орон, ард түмнээ хөгжилд хөтөлсөн үе үеийн алдартан, гавьяатнуудынхаа хүндтэй үйлсийг та бид нэр төртэй үргэлжлүүлж, хойч үедээ өвлүүлэх учиртай. Тиймээс орон нутгийнхаа онцлог, давуу талаа боломж болгон ашиглаж, хөрөнгө оруулалтыг татах, ард иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг илүү сайжруулах, аймгийнхаа хөгжлийг шинэ шатанд хүргэхэд та бидний хамтын хичээл зүтгэл ихээхэн үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс байна.
Хүний хөгжлийг дэмжсэн
Бие даасан эдийн засагтай
Бүс нутагт хөгжлөөрөө тэргүүлэгч аймаг болох зорилтын төлөө
“ХҮЧЭЭ НЭГТГЭН” хамтран ажиллацгаая.
Ховд нутгийн зон олон, ахан дүүс!
Үйлс, зорилго нэгтэй Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид,
Эрхэм журмын нөхөд та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе" гэжээ.