Ч.Баатарсүрэн: Хөгжим урлахдаа уламжлалт аргыг баримталдаг


Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлч, МУСТА Чадраабалын Баатарсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр мэргэжлийнхээ дагуу ажиллахын зэрэгцээ Монгол үндэстний хөгжмийн зэмсэг болох товшуур, икэл  зэргийг ямааны арьс ашиглаж уламжлалт аргаар бүтээн туурвиж байгаагаараа онцлогтой.   

-Сайн байна уу?. Та хөөмийч, хөгжимчин гэх ажлын хажуугаар ардын уламжлалт хөгжмийн зэмсэг урлаж байгаа. Энэ талаар танилцуулахгүй юу?
-Би өдгөө Ховд аймгийн Хөгжимт драмын театрт хөөмийч, хөгжимчин гэх мэргэжлээрээ ажиллаж байгаа юм. Үүний зэрэгцээ товшуур, икэл, морин хуур, бөмбөр зэрэг ардын уламжлалт хөгжмийн зэмсэг урладаг. Энэ ажлыг хоёр жилийн өмнө өөрийн чин хүсэл эрмэлзэл, сонирхлын дагуу эхлүүлсэн.
Угтаа хүүхэд багачууд, иргэдэд ардын урлаг, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, суралцах боломжийг өргөжүүлэх зорилготой гэж хэлж болно. Миний урласан зарим хөгжмийг “Жангар” дуулалт жүжиг болон театрын бусад уран бүтээлд ашиглаж байгаа. Мөн хүмүүсийн захиалгаар хөгжим урлаж өгдөг. Энэ хугацаанд ойролцоогоор 100 гаруй хөгжим урласан байна. 
Анх 6 дугаар ангийн сурагч байхдаа гарын доорх багаж хэрэгсэл ашиглан өөртөө зориулж арьсан товшуур хийж байлаа. Түүнээс хойш юу хийвэл болох вэ? хэмээн бодож, төлөвлөж ирсэн. Улмаар олон жилийн судалгааны үндсэн дээр ардын уламжлалт хөгжмийн зэмсэг урлах ажлыг хэрэгжүүлэх болсон. Өөрийн чин хүсэл, сонирхлыг бодит ажил болгох боломж нь аливаа зүйлийг эерэгээр харж, сэтгэхээс л эхэлдэг гэж бодож байна.     

-Таны урлаж буй хөгжмийн зэмсгүүдийн онцлог юу вэ?, Нэг хөгжмийг ямар хугацаанд урлаж байна вэ?



-Миний хувьд икэл, товшуур хөгжим урлахдаа арьс ашигладаг. Өөрөөр хэлбэл, ямааны арьсыг уламжлалт аргаар боловсруулан ашиглаж байгаагаараа онцлогтой. Арьс боловсруулан хөгжим урлах технологийг ашиглахын тулд би судалгаа хийхээс гадна туршлагатай ахмад уран бүтээлчдээс зөвлөгөө авсан. Одоо ч судалж, бас суралцсаар явна даа...
Учир нь угсаатан бүр өөрийн онцлогтой. Үүнийг дагаад ардын урлагийн төрөл, тэр дундаа хөгжмийн зэмсгүүд ч харилцан адилгүй, өөрийн онцлог шинж байдлыг агуулж байдаг. Тиймээс аливаа хөгжмийн зэмсгийг урлахад судалгаа хамгийн чухал. Мөн хийж байгаа зүйл нь чанартай байх ёстой гэж боддог. Нэг хөгжим урлахад 10 орчим хоногийн хугацаанд үргэлжилнэ. Арьсаа татах, хатаах, цавуудах гэх мэт нэлээд олон шат дараалал бий. Хамгийн гол нь хүмүүсийн захиалсан хугацаанд л хийхийг зорьдог. 
-Та хөөмийн урлагт бага наснаас суралцсан. Энэ тухай хуваалцахгүй юу?
-Би Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Манай сум бол хөөмийн урлагийн өлгий нутаг гэдгээрээ ялгардаг. Анх 7 настай байхдаа хөөмийлж сурсан. Түүнээс хойш хөөмийлж байгаа. 
Өнгөрсөн 10 дугаар сарын 30-нд Монгол ардын язгуур урлагийн томоохон өв болох “Хөөмий”-н урлагийг Дэлхийн дээд амжилтын ном Геннист бүртгүүлэх үйл ажиллагаа болсон. Тухайн үед би Алтай, Үенч, Булган сумын 120 орчим хүүхдэд хөөмийлөх арга барил зааж, бэлтгэж байсан.  Мөн хөөмийн урлагт  суралцах сонирхолтой хүүхдүүдэд зааж зөвлөж байна.  
Үүнээс гадна Ховд аймгийн Хөгжимт драмын театрын дэргэдэх “Жангар” хамтлагийн гишүүдтэйгээ хамтран ардын урлагаар дагнан бүтээл туурвиж байна. Тус хамтлаг улс, бүсийн хэмжээнд зохион байгуулсан уралдаан тэмцээн, үйл ажиллагаанд тогтмол амжилттай оролцож, язгуур урлагын гайхамшгийг олон нийтэд түгээж байгаа юм.   
-Цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?
-Би нэгэн бяцхан урлангийн газартай. Орон сууцны 0 давхарын өрөө түрээслэн ашиглаж байна. Бага багаар шаардлагатай багаж хэрэгсэл, материал цуглуулж байгаа. Цаашид хөгжим урлах уламжлалт аргуудыг гүнзгийрүүлэн судлах замаар урлангийн ажлаа өргөжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн хөөмийн бүтээлээр бие даасан CD гаргах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ одоогоор санхүүжилтийн асуудлыг шийдээгүй л байна даа.  
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ