УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар Ховд их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн I-IV ангийн оюутнуудын дунд
"Шилдэг суралцагч" тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудын материалыг аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авсан байна. Нийт 80 оюутан материал ирүүлснээс шалгуур үзүүлэлт хангасан 40 оюутныг өдгөө сонгон шалгаруулж, тус бүр 400 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтыг Ховд их сургууль дээр тусгай ажлын хэсэг зохион байгуулжээ. Улмаар сурлагын дүн, амжилт, нийгмийн сайн дурын ажилд хандах хандлага, идэвх оролцоо, эсээ бичлэг зэргийг харгалзан үзэж оюутнуудыг сонгон шалгаруулсан гэж албаны эх сурвалж хэллээ.
Тэтгэлэгт шалгарсан оюутнуудыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн орон нутаг дахь бие төлөөлөгч, ажлын албаныхан энэ сарын 15-ны өдөр Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд
"Шилдэг суралцагч" тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтын явц, үр дүн, тэтгэлэг олгох зарчмын талаар мэдээлэл хийж, оюутнуудын санал бодлыг сонслоо. Мөн оюутнууд
“Ховд аймгийн хөгжилд миний оролцоо” сэдвийн хүрээнд бичсэн эсээгээ уншиж бусаддаа нээлттэй танилцуулав.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутны батламжийг ирэх 11 дүгээр сарын 01-ний өдөр гардуулан өгөхөөр төлөвлөж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь оюутны сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх, цаашлаад суралцах хүсэл, идэвх оролцоог дэмжих давуу талтай гэж албаныхан мэдээллээ. Мөн
"Шилдэг суралцагч" тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлэх юм.
<