Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын VI сургуулийн сурагчдад үндэсний өв соёлыг судалж, үлгэр жишээ суралцахын ач холбогдлыг таниулж яваа эрхэм багш нарын нэг бол Монгол Улсын Зөвлөх багш М.Сарантуяа юм. Тэрбээр Монгол хэл, бичиг, уран зохиолын багш мэргэжлээр боловсролын байгууллагад 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол бичгийн хичээлийг түлхүү сонирхон судалж, түгээн дэлгэрүүлж байгаа юм. Түүний сургалтын заах арга зүй, туршлагын талаар ярилцлаа.
-Таныг монгол бичгийн хичээлд түлхүү анхаарч ажилладаг гэж сонссон. Энэ талаар...?
-Миний хувьд ажлын гараагаа эхэлсэн цагаас хойш тасралтгүй монгол бичгийн хичээлийг дагнан зааж байгаа. Монгол хэл, бичгийн багш гэдэг үндэсний бичиг соёлоороо бахархаж, түгээн дэлгэрүүлэх чиглэлд анхаарч ажиллах нь зүйн хэрэг. Энэ утгаараа боловсролтой хүн бүрийн мөнхийн дагуул нь “Монгол бичиг” байгаасай гэж боддог. Хүн төрөлхтний соёлын санд Монголын ард түмний оруулсан үнэт хувь нэмэр, дэлхийн утга зохиолын нандин өв болсон монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх нь миний ажлын зорилго юм.
-Сүүлийн үед сурагчдын монгол хэл, бичгийн хичээлд хандах хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Нэгэн үе хүүхдийг үндэсний хэл, бичгээс илүү гадаад хэл сургахад эцэг эхчүүд анхаарч байсан. Харин одоо бол энэ хандлага өөрчлөгдөж, монгол хэл, бичгээ судлах, сурах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд анхаарч эхэлсэн мэт санагдаж байна. Ер нь эх хэлээ сайтар сурснаар гадаад хэл хөгжүүлэхэд гол суурь болдог. Улсын хэмжээнд Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг “Бичиг соёлын өдөр” болгон тунхагласан. Бас “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 2010 оны зарлиг, “Монгол бичиг үндэсний хөтөлбөр-II” зэрэг бодлогын баримт бичиг хэрэгжиж байгаа. Мөн сүүлийн жилүүдэд Монгол бичгийн хичээл 6-9 дүгээр ангид нэг цаг ороод хаагддаг байсан. Харин одоо 6-12 дугаар ангид хоёр цаг ордог болгосон. Ингэж монгол бичгийн хичээл заах цагийг нэмсэн явдал нь хүүхдийн сурах хүслийг дэмжсэн, боломжийг өргөжүүлсэн чухал алхам болсон гэж бодож байна.
-Таныг “Монгол бичиг үндэсний хөтөлбөр-II”-ийн хүрээнд сургуульдаа нэлээд ажил зохион байгуулсан гэж сонссон. Тэдгээр ажлаас онцлон танилцуулахгүй юу?
-Би сургуулийнхаа Монгол бичгийн кабинетийг 10 гаруй жил хариуцан ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулан “Монгол бичиг үндэсний хөтөлбөр-II”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. “Уран бичлэг” хүүхэд хөгжүүлэх хичээлийг долоо хоногт хоёр цагаар орж байна. Мөн “Уран бичлэг” дугуйлан хичээллүүлж, 6-8 дугаар ангийн суралцагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргах замаар сурталчлан ажиллаж байна. Дугуйланд суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргаснаар монгол бичиг, тэр дундаа уран бичлэг сонирхох хүүхдийн тоо нэмэгдэж байгаа.
Би монгол бичгийг сурахад хүн бүр цаг зав гаргадаг байгаасай гэж хүсдэг. Энэ утгаараа сургуулийн нийт багш, ажилтнуудын дунд сайхан бичиг, хурдан уншлагын уралдаан зохион байгуулсан. Мөн ъМонгол бичгийн цагъ гэсэн тусгай хичээлийн цаг гаргаж, багш, ажилтнуудыг сургалтад хамруулж байна. Сургуулийн доторх хаягийг монгол бичигт хөрвүүллээ. Боловсролын гэрчилгээг монгол бичгээр бичихэд мэргэжлийн багш нар туслан дэмжиж байна.
-Та Монгол бичгийн хичээл заадаг шинэлэг арга барил, туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Би Монгол бичгийг эхлээд үеэр заадаг. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд эгшиг үсгийг үеэр амилуулж, үг холбон цээжлэх замаар хурдан уншиж сурдаг. Мөн хүүхэд хүүхдээсээ амархан суралцаж, хамтдаа хөгждөг. Тийм учраас тухайн ангиас зургаан хүүхэд сонгон авч 14 хоногийн хугацаанд унших, бичих арга барил бүрэн эзэмшүүлж, сурагч багш бэлтгэдэг. Ингэснээр тус анги надтай нийлээд монгол бичгийн долоон багштай боллоо гэсэн үг. Бэлтгэсэн зургаан хүүхэддээ чи “багш” шүү гэсэн ойлголт, итгэл өгнө. Тэгэхээр хүүхдүүд бусад нөхдөдөө чин сэтгэлээсээ мэддэг, чаддаг бүхнээ зааж өгч, бусдыгаа хурдан уншиж сурахад тусалдаг. Хэсэг хугацааны дараа тухайн ангийн хүүхдүүд яг нэгэн жигд түвшинд монгол бичгээр зөв уншиж, бичдэг болно. Түүнчлэн нэг хичээл дээр 10-15 шинэ үг цээжлэх даалгавар өгнө. Дараагийн хичээлийн эхний 10 минутад цээжээр бичүүлж, даалгавраа тогтмол шалгадаг. Тэгэхээр хүүхдийн үгийн баялаг нэмэгдэнэ. Энэ мэтчилэн хүүхдийг хурдан хугацаанд унших, бичих дадал зуршилд сургах боломж нээлттэй байна.
Багш хүн гэдэг бусадтайгаа туршлага солилцож, өөрийгөө ямагт хөгжүүлэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөх нь зүйтэй гэж боддог. Миний хувьд “Монгол бичгийн хадмал толь” гэх номыг сургалтын үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж байна. Тиймээс тухайн номын агуулгыг бүрэн судалж, цээжилсэн. Хаанаас нь ч асуусан утга санааг нь тайлбарлаж чадна. Үүгээрээ би юу хэлэхийг хүсч байна вэ гэвэл, багш хүн мэргэжилдээ эзэн нь байж, улмаар хүүхдэд мэдлэг олгохын тулд хичээлийн судлагдахууныг бүх талаас нь эзэмших, ур чадвараа баяжуулах ёстой. Ингэснээр бидний цаашдын ажил, сурган хүмүүжүүлэх үйлсэд чухал ач холбогдолтой гэж боддог. Хүн өөрийн хамгийн сайн мэдэх зүйлээ бусдад ойлгомжтой тайлбарлан таниулж чадна. Тэгэхээр багшийн тасралтгүй хөгжил, шинэ санаачилга, эрэлхийлэл хамгийн чухал.
-Монгол бичгээр хичээнгүй бичих талаар таны бодол...?
-Монгол бичгээр хичээнгүй бичих тал дээр анхаарах ёстой. Аливаа эхийг уншиж сурсан хүүхэд сайхан бичдэг. Яагаад гэвэл, Миний хувьд хүүхдийн бичгийн хэв маягийг төлөвшүүлэхийн тулд монгол бичгээр үг цээжлүүлнэ. Ингэхдээ хүүхдийг үгээ дахин давтан бичиж цээжлэхийг зөвлөдөг. Хүүхдийн унших, давтан бичих үйл ажиллагаа нь ой тогтоолт сайжруулахаас гадна бичгийн хэвийг засдаг.
-Таныг хичээлийн зарим хэрэглэгдэхүүнээ өөрөө эмхэтгэн гаргасан гэж сонссон. Энэ тухайд?
-Би сургуулийнхаа Монгол бичгийн машиныг ашиглаж 5-6 төрлийн цээж бичгийн эх эмхэтгэн гаргасан. Мөн Монгол бичгийн багш О.Шийжавтай хамтран Монгол бичгийн цагаан толгойгоор судалгаат видео хичээл\ЦД\ хийсэн. Мөн монгол бичгийн хичээлтэй холбогдуулан үгийн утга санаа, агуулга, дүрмийг задлан шинжилж, өөрийн гараар эмхэтгэсэн зургаан давтлагын дэвтэртэй. Эдгээрийг би өөрөө ашиглаж, бүх зүйлийг сэргээн судалдаг. Мөн хичээлийн хэрэглэгдэхүүн байдлаар ашиглаж, хүүхдүүдийг хөгжүүлдэг. Бас Монгол бичгийн програм ашиглан зөвлөмж тест хэвлэн сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна.
-Монгол бичиг сурах хамгийн амархан арга юу вэ?
-Монгол бичиг сурах хамгийн амархан арга бол эхийг шимтэн унших, бичих. Багш шавь нарыгаа байнга дэмжин урам өгөх нь чухал. Сайн уншдаг хүүхдийг анги хамт олон, сургууль, гэр бүлийнхэнд нь сурталчилна. Ингэхээр хүүхэд итгэл, урам зоригоор тэжээгдэн хөгжиж чаддаг. Багш хүн хүүхдийг хичээлдээ дур сонирхолтой болгоход анхаарах нь зүйтэй. Миний хувьд янз бүрийн сонины мэдээллийг хайчилбар хэлбэрээр цуглуулдаг. Улмаар хүүхдэд уншуулах дуртай. Намайг анх багшаар ажиллаж эхлэхэд “Хүмүүн бичиг” сонины мэдээлэл хүүхдэд хэрэгцээтэй, үр дүнтэй сургалтын хэрэглэгдэхүүн болж байсан. Сонин дээр хичээнгүй бичгийн булантай, цаашлаад хүүхэд сонирхон уншихуйц шинэлэг мэдээ мэдээлэл, үлгэр, өгүүлэмж нийтэлдэг байсан. Тэгээд би хичээлд ашиглах мэдээллийг зургийн хамт хайчлан авч хадгалсан. Түүнийг хүүхдүүдэд тараах материал болгон өгч уншуулж байна.
-Та цаашид ямар ажил төлөвлөж байна вэ?
-Цаашид сургуулийнхаа Монгол бичгийн кабинетийг цахимжуулах, тоног төхөөрөмжөөр хангах зорилт дэвшүүлсэн. Кабинетийг монгол бичгийн дүрэм, хичээнгүй бичгээр дагнан тохижуулж байсан бол одоо уран бичлэгийн төрөлд анхаарна.
-Ярилцсанд баярлалаа.
Н.Лхагва
<