Монголын Тусгай олимпийн 2019 оны Баруун бүсийн “Ирээдүйн аваргууд” спортын наадам есдүгээр сарын 18-ны өдөр Ховд аймагт эхэллээ. Наадмын зохион байгуулагчаар Монголын Тусгай олимпийн хороо, Ховд аймгийн ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, БТСГ, ГБХЗХГ зэрэг байгууллага хамтран ажиллаж байна.
Ховд аймагт анх удаа зохион байгуулж буй “Ирээдүйн аваргууд” спортын наадамд баруун бүсийн таван аймгийн 13-25 насны 100 гаруй тамирчин оролцож, хөнгөн атлетик, ширээний теннис, гар бөмбөг, агаарын теннис, бочче гэсэн спортын таван төрлөөр өрсөлдөж байна.
Тус спортын наадмын нээлтэд аймгийн удирдах ажилтан, Монголын Тусгай олимпийн хорооны төлөөлөгч, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгйин ГБХЗХГ-ын мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны удирдлага, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, сайн дурын ажилтнууд зэрэг 150 гаруй хүн оролцов.
ВИДЕО: “Ирээдүйн аваргууд” спортын наадам нь тусгай олимпийн хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо, бие бялдарын хөгжил, чадвар, боломжийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, гэр бүл хоорондоо танилцаж нөхөрлөх боломжийг хангах, улмаар оролцогчдын дунд эерэг хандлага тогтоох, нийгэмшүүлэх зэрэг чухал ач холбогдолтой гэж албаныхан онцоллоо. Тус спортын наадам энэ сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилнэ.