Хүүхдийн спортын VI наадам Улаанбаатар хотод энэ сарын 6-15-ны өдрүүдэд болно. Тус наадамд Ховд аймгаас оролцох 130 тамирчин 22 багш дасгалжуулагчийн хамт өнөөдөр Спорт цогцолборын урд талбайгаас хөдөллөө. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, БТСГ-ын дарга Г.Цэдэнбал нар спортын наадамд аймгаа төлөөлөн оролцох тамирчдад амжилт хүслээ. Үүнээс гадна Ховд аймаг болон БТСГ-ын тугийг Шатрын спортын Азийн аварга М.Ялгуун, Жүдо бөхийн өсвөрийн улсын аварга Б.Баяржавхлан нарт гардуулан өгөв.
Засгийн газрын 2018 оны 318 дугаар тогтоолоор тус спортын наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар тогтсон. Энэ жилийн наадамд Ховд аймгаас оролцож буй 130 тамирчин нь гар бөмбөг, теннис, таеквондо зэрэг спортын 12 төрлөөр оролцох эрх авчээ. Тухайлбал, жүдо, самбо бөхийн төрөлд тус аймгаас 31 тамирчин оролцоно. Ийнхүү Хүүхдийн спортын VI наадамд оролцох баруун бүсийн аймгуудаас Ховд аймгийн тамирчид хамгийн олон эрх авснаараа онцлог гэж салбарынхан хэллээ. Тамирчдын унаа, хувцасны зардлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн бол аймгийн спортын 12 холбооноос байр, хоолны зардлыг хариуцан ажиллахаар болжээ.