Спортын мастер Н.Бөхболдын нэрэмжит ширээний теннисний аварга шалгаруулах "Олон хотын нээлттэй тэмцээн" наймдугаар сарын 14-16-ны өдөр Ховд аймагт болов. Орон нутгийн болон өсвөрийн тамирчдыг гадаад, дотоодын өндөр ур чадвартай тамирчидтай өрсөлдүүлэн туршлага солилцох, ахмад тамирчин, багш дасгалжуулагчдыг алдаршуулах, ширээний теннисний спортыг сурталчлах, хөгжүүлэхэд тэмцээний зорилго чиглэж буй. Тус тэмцээнд Улаанбаатар хот, Ховд, Эрдэнэт, Баянхонгор аймгийн 143 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Ширээний теннисний тэмцээн есөн наснаас доош, 10-14, 15-39, 40 наснаас дээш, мөн шилдэг гэсэн таван ангилалд ганцаарчилсан болон холимог хосын төрлөөр явагдав. Энэ удаагийн тэмцээнийг Монголын ширээний теннисний холбооны 60 жил, Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн 40 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн багш, ширээний теннисний спортын мастер Н.Бөхболдын алдрыг тэмдэглэх зорилтын хүрээнд зохион байгуулснаараа онцлогтой юм. Тус тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, тэмцээнд оролцож буй баг тамирчдад амжилт хүсэхийн зэрэгцээ ахмад тамирчин Н.Бөхболдод хүндэтгэл үзүүлэв. Тэмцээнийг Ховд аймгийн БТСГ, аймгийн Ширээний теннисний холбоо хамтран зохион байгуулсан юм.