ХХААХҮЯ, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт Малын эрүүл мэнд төсөл, Ховд аймгийн ЗДТГ, аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо зэрэг байгууллага хамтран орон нутагт анх удаа “Монгол орны бэлчээрийн Үндэсний III форум”-ыг зохион байгууллаа.
МАА-н үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн төлөв байдал, бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх талаар малчдад нэгдсэн мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох, малчдын цаашдын оролцоог тодорхойлоход энэхүү форумын зорилго чиглэж байв.
"Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” уриан дор зохион байгуулж буй “Монгол орны бэлчээрийн Үндэсний III форум”-д Ховд, Завхан, Баянхонгор зэрэг 18 аймгийн 500 орчим малчин оролцож, туршлага судаллаа. Форумын хүрээнд малын эрүүл мэндийн мөшгөх системийг хэрэгжүүлж байгаа сайн туршлага, үр дүн, сургамж, бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалт, Чандмань суманд хэрэгжиж буй “Ногоон зээл-Хариуцлагатай малчин” хөнгөлөлттэй зээл, баруун бүс нутгийн ургамлын аймгийн судалгааны дүнгийн талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Түүнчлэн бэлчээр нутаг, байгаль орчин, мал сүрэгтээ ээлтэй хариуцлагатай малчдын төлөөлөл сайн туршлагаасаа хуваалцах замаар малчдын эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх “Мөнгөн сүрэг-мөнгөтэй малчин” хөтөлбөр, мал аж ахуйн бүтээгдэхүүний төрөл, чанарыг зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэх арга зам, Ногоон хөгжлийн төлөөх “Хариуцлагатай малчин- Хариуцлагатай үйлдвэрлэл”-ийг хөтлөгч техник технологийн шинэчлэлийн нэгэн хэсэг болох “Малын түүхий эдийг эргэн мөшгөх мэдээллийн сан”-гийн талаар ярилцсан юм.
ВИДЕО: