Борцгор хотонг хамгаалах асуудалд ОУ-ын эрдэмтэн, судлаачид анхаарлаа хандуулж байна



Монгол Улсын нэн ховор, ховор амьтан, ургамлын “Улаан ном”-д орсон борцгор хотон шувуу нь Монгол орны баруун хэсгийн цөөн хэдэн нуурт үүрлэж, өндөглөн, Хятадын зүүн өмнөд хэсгээр өвөлждөг. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Зүүн Азийн борцгор хотонгийн тоо толгой 150 хүрэхгүй хэмжээнд хүрч, “устаж болзошгүй” шувуудын жагсаалтад бүртгэгджээ. Иймд олон Улсын хэмжээнд борцгор хотонг хамгаалах, тоо толгойг нь өсгөхөд анхаарлаа хандуулж, нэгдсэн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.



Энэ хүрээнд Ховд аймагт 7-р сарын 17, 18-ны өдрүүдэд “ЗҮҮН АЗИЙН БОРЦГОР ХОТОНГИЙН ХАМГААЛЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ”-ыг зохион байгуулж байна. Уулзалтад олон улсын шувуу судлалын байгууллагуудын мэргэжилтнүүд, хотон шувуу судлаач эрдэмтэд болон Ховд аймгийн байгаль орчны чиглэлийн байгууллагуудын удирдлага, төлөөллүүд, хотон бүхий газрын байгаль хамгаалагчид оролцож байгаа юм.



Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж буй тус зөвлөлдөх уулзалтаар Зүүн Азийн борцгор хотонгийн ажлын хэсэг байгуулах, популяцийн үнэлгээ хийх, одоо хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх хотон хамгааллын арга хэмжээний талаар мэдээлэл, санал солилцох, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, талуудын хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах юм байна.











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ