Ховд аймгийн баяр наадмын сурын харваа нь үндэсний, урианхай, хүүхдийн харваа гэсэн 3 төрлөөр явагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
Үндэсний сурын харваанд эрэгтэй, эмэгтэй нийт 50 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөв
Эрэгтэй төрөлд, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Б.Мөнхзориг 40 сумнаас 32 онож тэргүүн байр эзлэв. Тэрбээр ийнхүү 2 жил дараалан түрүүлж, Аймгийн хошой мэргэн харваачийн болзол хангасан юм. Харин дэд байрт Жаргалант сумын харьяат, Цагдаагийн газрын “Алтайн шонхор” багийн харваач Б.Сүх-Очир, гуравдугаар байрт Мөнххайрхан сумын харьяат “Хаан харваа” сурын холбооны харваач Б.Хүдэрхуяг, тусгай байрт Мөнххайрхан сумын харьяат, Аймгийн гарамгай харваач У.Эрдэнэбат, тусгай байрт Жаргалант сумын харьяат, Ховд дулааны станц ТӨХК-ийн харваач, аймгийн гоц харваач Б.Баатар нар тус тус шалгарлаа.
Эмэгтэй төрөлд, Мянгад сумын харьяат, “Алтайн шонхор” багийн харваач З.Наранзул 40 сумнаас 29 онож тэргүүн байр эзэлж, Аймгийн мэргэн цолны болзол хангалаа.
Харин дэд байрт Жаргалант сумын харьяат, Цаст-Алтай цогцолбор сургуулийн харваач Б.Цэцэгмаа, гуравдугаар байрт Жаргалант сумын харьяат, БТСГ-ын харваач, аймгийн дархан мэргэн Д.Шинэхүү, тусгай байрт Жаргалант сумын харьяат, Татварын хэлтсийн харваач, тусгай байрт аймгийн мэргэн Р.Эрдэнэбаяр, Дуут сумын харьяат, “Зэлэм” сурын холбооны харваач Л.Алтанцэцэг нар тус тус шалгарч, шагналаа гардан авав.
Урианхай сурын харваанд 82 харваач оролцжээ
Ховд аймгийн баяр наадмын Урианхай сурын харвааны төрөлд 82 харваач оролцсоноос Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Монгол Улсын мэргэн О.Эрдэнэбилэг 30 сумнаас 27 онож тэргүүн байрт шалгарав. Харин дэд байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, спортын дэд мастер Б.Мөнхзориг, гуравдугаар байрт Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, спортын мастер А.Тулгаа, тусгай байрт тус сумын харьяат, спортын мастер С.Алдар, тусгай байрт Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, спортын дэд мастер Б.Баатар нар шалгарсан байна. Ховд аймгийн сурын холбооны хамт олон энэ жилийн баяр наадмыг Урианхай сурын харвааны Улсын хошой мэргэнтэй болсон амжилтаар эхлүүлснээрээ онцлог байлаа.
Хүүхдийн сурын харваанд 5-17 насны 22 харваач цэц мэргэнээ сорив
Аймгийн баяр наадмын өсвөр үеийн хүүхэд багачуудын сурын харваанд 5-17 насны 22 харваач оролцлоо. Үүнээс эрэгтэй төрөлд, Баян-Өлгий аймгийн харваач А.Мөнхбилэг 40 сумнаас 24 онож тэргүүн байрт шалгарчээ. Харин дэд байрт Ховд аймгийн Дуут сумын харваач Б.Пүрэв-Эрдэнэ, гуравдугаар байрт Жаргалант сумын харваач Г.Бэлгүүтэй, тусгай байрт Дуут сумын харваач Т.Энхзориг, тусгай байрт Мөнххайрхан сумын харваач М.Зэлмэ нар тус тус шалгарав.
Эмэгтэй төрөлд, Мөнххайрхан сумын харваач М.Даваабал 40 сумнаас 24 онож тэргүүн байрт шалгарлаа.