Ховд аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд аймгийн арслан Б.Баянмөнх түрүүлж "ХУРЦ" чимэг нэмлээ



Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай боллоо. Барилдаанд улс, аймаг, сум, цэргийн цолтой  256 бөх барилдсанаас  Мөнххайрхан сумын харьяат, Аймгийн арслан Б.Баянмөнх  8 даван  түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртлээ.



Харин Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоож  7 даван үзүүрлэж, шинээр аймгийн заан цолны болзол хангав. Мөн их шөвөгт Булган сумын харьяат, аймгийн харцага Б.Анхжаргал, Буянт сумын харьяат, аймгийн харцага Б.Сосорбарам нар тус тус шалгарлаа.

  
Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд  Улсын цолтой 3, аймгийн цолтой 48, сумын заан, харцага, начин цолтой 50 гаруй бөх оролцсоноороо онцлог байв. Мөн Мөст сумын харьяат, сумын заан Б.Баяраа, Манхан сумын харьяат, сумын заан Б.Даваадалай, Дуут сумын харьяат, сумын заан Б.Одгэрэл нар 5 давж, шинээр  Аймгийн начин цолны болзол хангалаа. Түрүүлж үзүүрлэсэн, шөвгөрсөн мөн шинээр цолны болзол хангасан бөхчүүдийн шагнал, цолыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар гардуулж баяр хүргэлээ.



Бөхийн барилдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон аймгийн удирдах ажилтнууд,  үе үеийн бөхчүүд, бөх сонирхогчид, иргэд үзэж сонирхсон юм. Энэ үеэр аймаг орон нутгийн удирдлагууд ахмад бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.



ВИДЕО:







"АЙМГИЙН ШИНЭ НАЧИН"-УУД 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ