Энэ оны 06-р сарын 28-29-ний өдрүүдэд ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотод "
Сибирийн хэлэлцээр" МАСС бүс нутгийн холбооны хурал боллоо. Тус хуралд Сибирийн тойргийн Омск, Томск, Красноярск, Алтайн хязгаар, Иркутск, Новосибирск, Тува, Хакасс улсын Ерөнхийлөгч, Амбан захирагч нар, БНХАУ-ны ШУӨЗО-ны Засгийн газрын орлогч дарга нар, Монгол улсаас Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар оролцож үг хэллээ.
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлэхдээ: Алтайн нурууны ар талаар Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу CAREC-ын хүрээнд ОХУ, БНХАУ-ыг холбохын зэрэгцээ БНХАУ-ын Үрэмч хотоор дайран Пакистаны Карачи хот хүрэхээр төлөвлөгдсөн 6024 км АН4 замын 745 км зам нь Монгол Улсын Баруун бүс, түүний дотор Ховд аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байна. ОХУлс, БНХАУ-ыг холбосон хөрш орнуудад том боломж олгож байгаа хамгийн дөт зам болох АН4 замын зангилаан дээр, Төв Азийн бүс нутгийн эдийн засаг хамтын ажиллагаа /CAREC/-ны бүсэд хамгийн ойрхон орших 330 гаруй жилийн түүхтэй Ховд хот нь Монгол, Орос, Хятадын гурван орны худалдаа, эдийн засгийн коридор, бүс нутгийн болон олон улсын тээвэр, ложистикийн болон таталцлын төв болох боломжтой. Автозамын коридор байгуулах протоколд гарын үсэг зурснаар худалдаа эдийн засаг, бараа эргэлтийн үүд хаалга нээгдэх төдийгүй, Их Алтайн бүс нутгийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо, хувь нэмэр, хамтын ажиллагаанд маш чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.
ВИДЕО:
Энэ үеэр “Баруун Сибирь-Баруун Монгол-Баруун Хятад” хил дамнасан автозамын тээврийн коридор байгуулах тухай төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурах ёслол боллоо. Автозамын хил дамнасан тээврийн коридор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай протоколд ОХУ-ын БНТува улсаас Тува улсын Ерөнхийлөгч Ш.В.Кара-оол, ОХУ-ын Красноярск мужаас Красноярск мужийн Амбан захирагч А.В.Усс ОХУ-ын БНХакасс улсаас БНХакасс улсын Засгийн газрын тэргүүн В.О.Коновалов, БНХАУ-ны ШУӨЗО-ны Засгийн газрын орлогч дарга Чжао Чонизю, Монгол улсаас Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар гарыг үсэг зурлаа.