Байшин, орон сууцны тооллогын сургагч багш нарыг бэлтгэж байна



Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 2020 онд зохион байгуулна. Үүний суурь судалгаа болгох зорилгоор 2019 онд байшин, орон сууцны тооллогыг явуулах бөгөөд энэ нь анх удаа хийгдэж байгаагаараа онцлог юм. Байшин, орон сууцны тооллого хийхтэй холбогдуулан “Байшин, орон сууцны тооллогын сургагч багш бэлтгэх сургалт”-ыг Ховд аймагт зохион байгуулж байна.


Энэхүү сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай гэсэн баруун таван аймгийн Статистикийн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм. 
Сургалтын нээлтэд Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга, хүн ам орон сууцны тооллогын улсын комиссын нарийн бичгийн дарга А.Амарбал, Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Т.Болор-эрдэнэ нараар ахлуулсан ажлын хэсэг оролцож, байшин, орон сууцны тоооллого зохион байгуулах арга зам, үзэл баримтлал, зорилго, зорилт, анхаарах асуудлын  талаар мэдээлэл хийлээ.


Байшин орон сууцны тооллогыг  энэ оны 7 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна. Энэ хугацаанд аймаг тус бүрт 30-40 судлаач тоологч ажиллах ба эдгээр тоологч нарыг сургаж, дадлагажуулах сургагч багш нарыг өдгөө бэлтгэж байгаагаараа энэ сургалт чухал ач холбогдолтой. 
1989, 2000, 2010  онуудад хүн ам, орон сууцаа тоолохдоо уламжлалт буюу өрхийн гишүүн бүрээс асууж тоолж байсан бол 2020 оны буюу 11 дэх удаагийн тооллогыг уламжлалт арга болон төрийн байгууллагын мэдээллийн сангийн бүртгэлтэй уялдуулах хосолмол аргыг ашиглан явуулах ажээ.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ