"Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс гурван тахийг (гүү) авчирч унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын
"Б" хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшууллаа.
Энэ удаагийн тахь нутагшуулах үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан О.Доржраа, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек , тус амьтны хүрээлэнгийн ажилтнууд болон Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр, мэргэжилтэнгүүд, Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын захиргаа, Говь-Алтай аймаг, сумдын төлөөлөгчид оролцлоо. Мөн Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын захиргаанд Ланд Крузер-76 маркийн машин, 6 мотоцикл бэлэглэж ажилд нь амжилт хүслээ.
"Олон Улсын Тахь Групп" нь Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Бүгд Найрамдах Чех улсын
“Хөгжлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд ховордсон ан амьтдыг нөхөн үржүүлэх, хайрлан хамгаалах, тахийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор Монголд
“Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 31 тахийг авчирч нутагшуулж, одоогийн байдлаар Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын нутагт 270 орчим тахь идээшилж байна
гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.