“Эх орны хүү Олзвой” бүжгэн жүжиг тайзнаа амилна


 
БНМАУ-ын баатар Цэндийн Олзвойн мэндэлсний 105 жил, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид "Эх орны хүү Олзвой" бүжгэн жүжиг  тайзнаа тоглохоор болжээ. “Эх орны хүү Олзвой” бүжгэн жүжиг энэ сарын 20-нд  ХДТ-т нээлтээ хийж,  энэ сарын 21, 22-нд үзэгчдийн хүртээл болно.
Театрын уран бүтээлчид эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалахын төлөө алтан амиа хайрлалгүй тулалдаж, Халхын голын дайнд Японы эсэргүү армийг бут цохиход гарамгай гавьяа байгуулсан нэрт тагнуулч, пулемётчин Ц.Олзвойгийн хөдөлмөр зүтгэлийг мөнхжүүлэх, хүүхэд багачууд, залуу үеийнхэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Мартах учиргүй амь, мартаж болохгүй түүх” уриан дор  ямар ч үг яриагүй, зөвхөн хөгжим, хөдөлгөөн хоёроор  түүхийг өгүүлнэ.
Энэхүү бүжгэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор Ховд аймгийн ХДТ-ын 50 орчим   уран бүтээлч  авьяас, ур чадвараа дайчлан ажиллаж байгаа бөгөөд  жүжгийн гол дүрд  бүжигчин Г.Түвшинтөр тоглох юм.  
Тус жүжиг 10 үзэгдэлтэй. Бүжгийн цомнол буюу дэс дараалал, үйл явдлыг зохиолч, яруу найрагч Д.Жүгдэрбарам, найруулагч Б.Отгонхишиг нар бичсэн байна. Мөн СТА С.Алтансэлэм бүжгийг дэглэж найруулсан бөгөөд УГЗ Ч.Жамсранжав хөгжмийн зохиолчоор ажиллажээ. Энэхүү уран бүтээлийг аймгийн ИТХ, ЗДТГ, Манхан сумын нутгийн зөвлөлийн хамт олон дэмжин ажиллаж байна.  
 
                                        БНМАУ-ын баатар Ц.Олзвой түүхэнд...   

Монгол Улсын баатар Цэндийн Олзвой нь 1914 онд  Ховд аймгийн Манхан сумын нутагт малчин ард Цэндийн ууган хүү болон төржээ. Нутагтаа мал маллаж байгаад 1937 онд цэргийн албанд татагдан ирсэн байна. Түүнээс хойш МАХЦ-ийн армид алба хааж Тамсагбулаг дахь VI морьт дивизийн 17 дугаар хорооны I суманд шилжин иржээ.
Удалгүй 1939 оны тавдугаар сарын 17-нд VI морьт дивизийн 17 дугаар хороо шийдвэрлэх тулаанд оролцохоор Хайлаастайн голд хүрч, ашигтай байрлал эзлэхээр дөхөж очтол Японы арми гэнэт өөдөөс нь их буу, пулемётоор ширүүн гал нээжээ. Энэ үед хорооны дарга Л.Дандар, пулемётчин Ц.Олзвойг дуудаж “Хороо гол гаталж Хайлаастайн голын хойд талын манханг эзлэх хүртэл дайсны галыг өөрийн хөнгөн пулемётын галаар барьж хангах хэрэгтэй” гэж тушаажээ. Ц.Олзвой баатар элсэн манхан дотор ашигтай байрлалд пулемётоо байрлуулаад, дайсны галын цэгүүд болон бөөн хүчийг пулемётоор галлаж, Японы хүнд пулемёт болон нэг салаа цэргийг устгаж, тэднийг ухрахад хүргэсэн байна.
Мөн 1939 оны наймдугаар сарын 21-нд Зөвлөлт-Монголын цэргийн их давшилтын үед 17 дугаар хорооны даргын тушаалаар тагнуулч, пулемётчин Ц.Олзвой тагнуулын хэсгийг ахлан явж, элсэн манхан дотор Японы хоёр машин цэрэг явж байгааг илрүүлэн тосч, нэг машин цэргийг нь устгасан. Улмаар нөгөө машины цэргүүдийг мориор хөөж буудалцсаар тэн хагасыг нь устгаж, машин, зэр зэвсгийг нь олзлон авч байжээ.
Нэрт тагнуулч, пулемётчин Ц.Олзвойд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1939 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор Улсын баатар цол олгож, Цэргийн гавьяаны Улаан тугийн I зэргийн одонгоор шагнасан байна. Мөн түүний дурсгалын хөшөөг төрсөн нутаг Ховд аймгийн Манхан сумын төвд босгож, цэрэг ба НАХХЭЯ-ны сайдын 1958 оны 42 дугаар тушаалаар Улсын баатар Ц.Олзвойг түүний суралцаж байсан ЦЕС-ийн Ерөнхий цэргийн I курсын I тасагт “Хүндэт байлдагч”-аар бүртгэж алдрыг нь мөнхжүүлсэн юм.
Хэдийгээр Халхын голын байлдааныг Япончууд хилийн маргаан, дайн биш гэж үздэг ч цаг хугацааны шалгуураар Халх голд болсон тулалдааныг дайн гэж цэргийн мэргэжилтнүүд үзэх болсон билээ.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ