Захчин ястны зан заншил, өв уламжлал, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх, онцлогийг нь хадгалан үлдээх үүднээс УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын санаачилсан
“Захчин түмний наадам” энэ сарын 02-03-ны өдрүүдэд Ховд аймгийн Мөст суманд боллоо.
УИХын гишүүн С.Бямбацогт
“Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анх санаачлан энэхүү наадмыг гурвантаа, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл “Ихэлийн эгшиг” морин хуурын наадмыг арван удаа зохион байгуулж байсан түүхтэй. Энэхүү уламжлалыг таслахгүй үргэлжлүүлэх үүднээс Захчин түмний урлаг соёлын наадмыг зохион байгуулж баруун монголчуудын бие биелгээ, урт богинын дуу, ерөөл магтаал зэрэг сайхан уламжлалыг хадгалж, өв соёлыг үр хойчдоо үлдээхэд хувь нэмрээ оруулах үүднээс Сандаг сан, Ховд аймгийн Мөст сумын ЗДТГ-тай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна” гэж онцолсон юм.
ВИДЕО:Наадамд Ховд аймгийн Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч гэсэн захчин ястны 5 сумын 19-80 насны 70 орчим авьяастан оролцжээ. Мөн энэ жил наадам хүрээгээ тэлж өргөжин хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг зохион байгуулсан байна.
Энэ жилийн захчин түмний наадмын урлагийн төрөлд 74,3 оноогоор Алтай сум 3- р байр эзэлсэн бол 88 оноогоор Мөст сум 2-р байр, харин 88,9 оноогоор Манхан сум тэргүүн байранд орж Алтан цомыг 2 дахь удаагаа хүртэн хошой аварга болсон байна. Мөн захчин ардын зан заншил, өв уламжлал, үүх түүхийн талаар ЭШБХ-д эрдэмтэн судлаачид олон сонирхолтой илтгэл тавьж, захчин ястны өв соёл, эдлэл хэрэглэл, гоёл чимэглэл, ахуй байдлыг харуулсан сонирхолтой үзэсгэлэн дэлгэгджээ. Мөн энэ наадамд зориулж тууль, домог үлгэр, eрөөл магтаал, захчин ардын 200 гаруй дуу, хууч яриа, захчин аман аялгууны үгс, зан заншил, үүх түүхийг багтаасан “Захчины аман билгийн жишээ” хэмээх номыг эмхэтгэн хэвлүүлснээ түгээжээ.