УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлагаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Босоо заяатай Монгол” үндэсний бөхийн барилдаан энэ сарын 10-ны өдөр Спортын төв ордонд боллоо. Энэ жил тэмцээнийг “Аваргууд”, “Авьяас” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 9 дэх жилдээ зохион байгуулснаараа онцлог байв.
Монгол үндэсний бөхийн дэг жаяг, арга техникийг бага насны хүүхдүүдэд танин мэдүүлэх, сурталчлах, Ховд нутгаас төрөн гарсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн ирээдүйн залгамж халааг бэлтгэх, бөхийн барилдаанд дур сонирхолтой хүүхдүүдийг дэмжих, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай, тэсвэр хатуужилтай иргэн болгон төлөвшүүлэхэд тэмцээний зорилго чиглэж байлаа.
ВИДЕО:
“Босоо заяатай Монгол-9” цэцэрлэгийн насны хүүхдийн Үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн 17 сумын 30 цэцэрлэгийн ахлах бүлгийн 128 хүүхэд оролцлоо. Бөхийн барилдаанд Үенч сумын цэцэрлэгийн А.Энхтайван түрүүлж,
“Хангарьд” цол хүртсэн бол Булган сумын цэцэрлэгийн Ч.Булганбаяр үзүүрлэж,
“Дайчин шонхор” цолоор шагнагдлаа. Түүнчлэн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн Э.Өсөх-ирээдүй, Алтай сумын цэцэрлэгийн Б.Жавхлантөгс нар шөвгөрлөө.
“Босоо заяатай Монгол-9” цэцэрлэгийн насны хүүхдийн Үндэсний бөхийн барилдааны хүрээнд уран мэхтэй, дайчин барилдаантай, уран дэвээч, өхөөрдөм бөхчүүдийг шалгаруулан, шагнаж урамшуулав. Тухайлбал,
“Уран мэхтэй бөх”-өөр Д.Мандуул \Чандмань сумын цэцэрлэг\
“Дайчин барилдаантай бөх”-өөр н.Тэргэл \Булган сумын цэцэрлэг\
“Уран дэвээч бөх”-өөр н.Төгсжаргал \Зэрэг сумын цэцэрлэг\
“Өхөөрдөм бөх”-өөр н.Очирсүлд \Мөнххайрхан сумын цэцэрлэг\ тус тус тодорлоо.
Мөн Үндэсний бөхийн цол дуудах тэмцээн зохион байгуулж, 24 хүүхэд оролцсоноос
“Шилдэг цоллооч хүүхэд”-ийг тодрууллаа. Үүнд:
Тэргүүн байрт Э.Мандуул \Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэг\
Дэд байрт Б.Буян-эрдэнэ \Жаргалант сумын 8 дугаар цэцэрлэг\
Гуравдугаар байрт н.Галбадрах \Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэг\
Дөрөвдүгээр байрт н.Энхбаясгалан \Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэг\
Тавдугаар байрт н.Пүрэвсайхан \Мянгад сумын цэцэрлэг\ тус тус шалгарч, шагналаа гардан авав.
Тэмцээний зохион байгуулагчаар Жаргалант сумын нэгдүгээр цэцэрлэг, аймгийн БСУГ, БТСГ, Үндэсний бөхийн холбоо хамтран ажилласан бөгөөд мэргэжлийн шүүгч 3, хөлийн цэц 4, засуул 6, цоллооч, тайлбарлагч зэрэг 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.