Монголын Волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын 02-09-ний өдрүүдэд Ховд аймагт анх удаа зохион байгуулав. Тус тэмцээнийг аймгийн Засаг даргын ивээл дор, Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд тэмцээнд 31 багийн 400 орчим тамирчин, багш дасгалжуулагчдын хамтаар оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөр шилдэг баг, тамирчид тодорлоо.
Тус тэмцээнээс Ховд аймгийн Волейболын ОУХМ Д.Баярболд болон Г.Номин, Г.Хатантуул дасгалжуулагчтай, Ж.Саруул ахлагчтай эмэгтэй баг тамирчид алтан медаль хүртэж, 18 жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлэн түүхэндээ анх удаа “Волейболын идэрчүүдийн Улсын аварга баг” боллоо. Харин Хэнтий аймгийн эмэгтэй баг тамирчид мөнгөн медаль, Нийслэл хотын Баянзүрх дүүргийн Хилчин спорт хорооны эмэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртлээ.
Мөн эрэгтэй төрөлд, тэргүүн байрт Нийслэл хотын Баянгол дүүргийн баг, дэд байрт Баянзүрх дүүргийн Уурхайчин клубийн баг, гуравдугаар байрт Говь-Алтай аймгийн эрэгтэй баг тамирчид тус тус шалгарч, шагналаа гардан авав. Энэ үеэр тэмцээний шилдэг тамирчдыг шалгарууллаа. Үүнд,
"Шилдэг хаагч"-аар Э.Сэндэр /Хилчин спорт хороо/, П.Ган-Оргил /Баянгол дүүрэг/
"Шилдэг хамгаалагч"-аар О.Эрдэнэ-Энх /БЗД Уурхайчин/, Ц.Анхбаяр /БЗД Уурхайчин/
"Шилдэг холбогч"-оор Б.Эрдэнэсувд /Ховд аймаг/, Р.Оргил /Говь-Алтай аймаг/
"Шилдэг довтлогч"-оор И.Энхмаа /Ховд аймаг/, М.Гэндэндарам /БЗД Уурхайчин/
"Тэгш тоглогч"-оор Э.Хүслэн /Хэнтий аймаг/, Т.Хангал /Баянгол дүүрэг/ нар тус тус шалгарав.