Аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд, Хууль зүйн хэлтсийн дарга Н.Ганзориг, ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх нар 03-р сарын 14 ний өдөр Хөшөөтийн уурхай дахь Цэцэг сумын Хөшөөт багийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтад Цэцэг, Дарви сумын удирдлагууд Хөшөөт багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нар болон багийн иргэд оролцсон юм.Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч, Цэцэг сумын Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах хамтарсан ажлын хэсгийн ахлагч Т.Жаргалсайхан багийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил, Ховд аймаг "Мо-Эн-Ко" ХХК-тай хэрхэн хамтарч ажиллаж, өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаар мэдээлэл өглөө. Дараа нь багийн иргэдийн сонирхсон асуултад нь хариулан, харилцан санал солилцлоо.Хөшөөт багийн иргэдийн хувьд “Шинэ суурьшлын бүс рүү нүүлгэх асуудлыг хүлээн зөвшөөрч байна”. Гэхдээ тэсэлгээний дуу чимээ, тоосжилттой орчинд 10 гаруй жил амьдарч эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн учраас эрүүл мэндийн нөхөн олговор олгуулж өгөх, шилжин суурьшсанаас хойш ажлын байраар бүрэн хангана гэсэн баталгааг компаниас гаргуулж өгөхийг хүсэж байна. Мөн Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багийн иргэдийн төлөөллийг оролцуулах санал гаргалаа. Юутай ч ажлын хэсэг иргэдийн гаргасан санал шүүмжлэлийг эрэмбэлэн, бодит тооцоо судалгаа гаргасны үндсэн дээр Мо-Эн-Ко ХХК-ийн Монгол дахь удирдлагуудад нь уламжилж аль болох шийдвэрлүүлэх боломж гарц юу байгаа талаар зөвшилцөхөөр боллоо. Огноо: 3/15/2019 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2077 Мэдээ таалагдсан: