Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөр энэ оны хоёрдугаар улиралд хэрэгжиж эхэлнэ

Image result for ховд аймгийн төв талбай

Ховд аймгийн хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөр өнгөрсөн онд батлагдсан бөгөөд энэ оны хоёрдугаар улиралд хэрэгжиж эхэлнэ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх зорилгоор орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт хийв. 
Уулзалтад Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 4 телевиз, 2 сонин, 3 цахим сайтын захирал, эрхлэгч, сэтгүүлч, зураглаачид оролцож, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, тус хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж, гарц шийдлийн талаар ярилцлаа. Энэхүү хөтөлбөрийг Ховдын толь сонины  эрхлэгч Г.Төрмөнхийн 5 жилийн  хугацаанд хийсэн судалгаанд үндэслэн боловсруулж, баталжээ. 
Тус хөтөлбөрийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд төлөвлөгөө боловсруулах, хяналт тавих чиг үүрэг бүхий сэтгүүлчдийн зөвлөл байгуулах тухай санал гарч, дэмжсэн юм. Энэ хүрээнд байгууллага бүрээс нэг төлөөлөл буюу 9 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгууллаа. Мөн хэвлэл мэдлээллийн байгууллагын дэргэдэх үйлдвэрчний эвлэл байгуулан, гишүүдийг сонгож батлав.
Энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлч, зураглаачдын цалин хангамж, нийгмийн даатгалын шимтгэл, мэргэжлийн ур чадвар зэргийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Тус уулзалтад аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд оролцож,  хөтөлбөрийн зорилго, үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй  танилцан,  орон нутгийн  хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бүх талаар  дэмжин  ажиллахаа илэрхийлж,  төр засгийн бодлого, шийдвэр,  шинэлэг ажлуудыг ард иргэдэд үнэн бодитой хүргэх,  авилга хүнд сурталгүй, хариуцлагатай тунгалаг  төртөй аймаг болоход  хэвлэл мэдээллийн байгууллагууд  идэвхтэй санаачлагатай ажиллахыг  уриалсан юм.  
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ