Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан “Бүсийн гоо бүсгүй” тэмцээний тэргүүн байранд Ховд их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Б.Отгончимэг шалгарчээ



Бүсгүй хүний нандин, ухаалаг, нинжин сэтгэлийг гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролтой хослуулан хөгжүүлж буй Монголын охид бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний оюун ухаан, билэг авьяас чадварыг таниулах, хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд татан оролцуулах, өсвөр насны охидод гоо зүйн боловсрол олгох зорилгоор “Бүсийн гоо бүсгүй” тэмцээн Говь-Алтай аймагт болжээ. “Эх нутгаараа бахархана” уриан дор анх удаа зохион байгуулсан баруун бүсийнхний тус тэмцээнд Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий зэрэг аймгийн 40 орчим гоо бүсгүй нэгдүгээр шатанд өрсөлдөж тэднээс 18 нь миссийн титмийн төлөө өрсөлдөв.

Сүүлийн шатанд тунасан бүсийн гоо бүсгүйчүүд авьяас, асуулт, хариулт, гоёлын хувцас, монгол үндэсний хувцас, бикини буюу усны хувцас гэсэн таван төрөлд өрсөлдөн шилдгүүдээ тодруулжээ. Шилдэг 18-д Ховд аймгаас дөрөв, Увс аймгаас гурав, Завхан аймгаас хоёр, үлдсэн нь зохион байгуулагч Говь-Алтайнхан байсан аж. Оролцогчдын хамгийн залуу нь 16 настай бол ахмад нь 25 настай. Ингээд таван номинацийн нийлбэр дүнгээр шилдгүүдийг шалгаруулахад баруун бүсийн гоо бүсгүйг буюу тэргүүн миссээр Ховд аймгийн Ховд их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Б.Отгончимэг шалгарсан бөгөөд түүний тэргүүн миссийн титмийг 1.25 сая төгрөг дагалдсан байна. Тэгвэл 2-5 дугаар байр эзэлсэн миссүүд нь ЕБС-ийн сурагч байснаараа онцлогтой. Дэд миссээр Ховд аймгийн 10 жилийн 2-р дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Ариунхүслэн тодорлоо. Гуравдугаар байрыг Завхан аймгийн ЕБС-ын сурагч Б.Бадамхатан эзэлсэн бол шилдэг тавд Говь-Алтай аймгийн нэгдүгээр арван жилийн 11 дүгээр ангийн сурагч Л.Анударь, мөн тус сургуулийн сурагч Б.Насанжаргал багтсан байна.

Тэргүүн миссээр тодорсон Б.Отгончимэг “Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Цаашид өөрийгөө улам хөгжүүлж, илүү их хичээх болно. Миний хувьд одоо Монгол Улсын миссийн тэмцээнд оролцож түрүүлэхийг хүсч байна. Тиймээс боломжоо дайчилж, ирэх жилийн миссийн тэмцээн хүртэл өөрийгөө эрс өөрчилж, хөгжүүлнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Дашрамд сонирхуулахад, Энэхүү гоо бүсгүйн тэмцээний онцлог нь шалгаруулалтад тэнцсэн оролцогчид өөрсдийн нутгийн түүх, ёс заншлыг илтгэхүйц сонирхолтой бэлгийг сайн үйлсийн аянд хандивлажээ. Тэдний бэлэглэсэн бэлгийг ирэх арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод нээлттэй дуудлага худалдаанд оруулж, олсон орлогыг 100 хувь сайн үйлсийн аянд зарцуулах гэнэ.

Б.Мөнхзул

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ