Дэлхийн 100 гаруй орны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор эдийн засаг, худалдаа, техник, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын томоохон байгууллагуудын нэг болох Туркийн Олон Улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар буюу ТИКА-ийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулах газрын дарга Устаөмэр Эмрах, Төслийн ассистент менежер П.Нямбаяр, Туркийн бизнесмэн Ө.Өзкан нар Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав болон орон нутгийн бусад удирдлагууд тус байгууллагын төлөөлөгчдийг хүлээж авч уулзав.
Уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлын хүрээнд Ховд аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар талууд санал солилцлоо. Энэ үеэр аймаг орон нутгийн удирдлагууд аймгийн Хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Боловсролын салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хэрэгцээ байгааг онцлоод, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахыг хүсэлт болгон уламжиллаа.Тухайлбал, БОЭТ-ийн барилгын дээврийн болон сантехникийн засвар үйлчилгээ, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 24 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, Жаргалант сумын Рашаант, Наран багт шинээр барих “Цэцэрлэгт хүрээлэн”, Мянгад сумын ЕБС-ын их засварын ажилд хөрөнгө оруулалт хийж дэмжиж ажиллахыг хүслээ.
ТИКА-ийн төлөөлөгчид орон нутгийн удирдлагуудын тавьсан саналыг хүлээн авч улмаар БОЭТ, Жаргалант сумын 5-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн “Цэцэрлэгт хүрээлэн” барихаар сонгосон газар, байршлыг үзэж танилцан, дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.