Монголын Сэтгүүлчдийн Ховд аймгийн салбар зөвлөл ажлаа тайлагнав



Монголын Сэтгүүлчдийн Ховд салбар зөвлөл 2018 онд хийсэн ажлаа аймгийнхаа сэтгүүлчдэд тайлагнаж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа. Энэ үеэр МСНЭ-ийн Ховд салбар зөвлөлийн тэргүүн А.Бямбасүрэн хэлэхдээ “МСНЭ-ээс 2018 онд орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт форум зохион байгуулж, орон нутгийн сэтгүүлчдийн дунд тулгамдсан олон асуудлуудыг хэлэлцэж, үүнээс гарах гаргалгааг ч бас хэлэлцсэн. Форумын үеэр "Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө" үзэл санаанд тулгуурлан Олон улсын байгууллага болон  төрийн байгууллагад төсөл бичих, Маркетингийн төлөвлөгөө боловсруулах тухай, Хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдлын асуудал, Орчин цагийн чөлөөт хэвлэлийн асуудлууд, зураглаач, эвлүүлэгч, дизайнер, сайтын админ, фм радиогийн хөтлөгч найруулагчийн төрөлжсөн сургалтууд зэрэг цогц сургалт, зөвлөгөөн зохион байгуулсан. Мөн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж,  5 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотод болсон 1000 сэтгүүлчдийн уулзалтад манай аймгаас нийт 10-15 сэтгүүлч оролцууллаа. Эдгээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүгийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх, Олон Улсын байгууллагад төсөл, хөтөлбөр бичих, бизнесийн төлөвлөгөө боловсруулахад сэтгүүлчдийг сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болсон“ гэв.
Түүнчлэн МСНЭ-ээс улирал бүр гаргадаг “Сэтгүүлч” сэтгүүлд Ховд аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөл, тус аймгийн ХМХ-ийн туулж ирсэн замнал, аймгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн шинэ дэвшилт, ололттой мэдээ мэдээлэл, ажлын амжилт, сэтгүүлчийн бүтээлийг бэлтгэж нийтлүүлжээ. МСНЭ-ийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн хурлын шийдвэрээр Ховд аймгийн Нийтийн номын санг Болор цомын эзэн яруу найрагч асан Хөөдөөгийн Эрдэнэбаатарын нэрэмжит болгох санал гаргасныг дэмжиж тус номын сангийн уншлагын танхимыг түүний нэрэмжит болгосон, спортын нөхөрсөг тэмцээн, чөлөөт уулзалт, “Сэтгүүлч шинэ жил” арга хэмжээг сэтгүүлчдийнхээ дунд тогтмол зохион байгуулдаг  зэрэг бодит ажил хийжээ.
МСНЭ-ийн Ховд салбарын тайлангийн хурлын үеэр сэтгүүлчдийн дунд тулгамддаг татвар төлөлтийн асуудлыг хэлэлцэж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн санхүү тогтвортой үйл ажиллагаа нийгмийн асуудлын талаар олон санал гаргалаа. Тухайлбал, Ховд аймгийн зарим байгууллагуудын хамтын ажиллагааны гэрээний тухайд сард маш бага хэмжээтэй байдаг, Төвийн телевизүүдэд өндөр үнэ хөлс төлж шторк бэлтгэхдээ орон нутгийн телевизийн зураглаачдаар зураг дүрсээ авахуулдаг зэрэг хот хөдөөгийн ялгавартай байдлыг өөрчилж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаа, сэтгүүлчдийн ажлыг үнэлэх хэрэгтэй гэдгийг залуу сэтгүүлчид хэллээ. Мөн МСНЭ-ийн гишүүний татвараа тогтмол төлөх, татвар төлөөгүй бол гишүүнчлэлээс хасагдах, ямар нэг сургалт арга хэмжээнд оролцох боломжгүй болох тухай асуудал ч яригдсан юм.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ