Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох тухай тогтоолын төсөл оруулж, батлуулсан байна. Уг тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ. Хэдийгээр хурдан морины уралдаан нь Монголын ард түмний төрт ёсны өв соёлын үнэт баяр цэнгээн боловч, сүүлийн үед уламжлалт хэв маягаас илүү өргөн цар хүрээтэй болж, зөвхөн зун биш өвөл, хаврын уралдаан зохион байгуулж, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлөхүйц, бооцоотой зэргээр хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрийн хэлбэрт шилжээд байгааг салбарын мэргэжилтнүүд хэллээ.
1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь насаа алдсан бөгөөд 2017 онд 394 уралдаан болж, 629 хүүхэд мориноос унасны 159 нь бэртэж гэмтсэн бол гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд амь насаа алдсан гэсэн судалгаа байна. Өнгөрсөн жил нийт 491 уралдаанд 11 мянга гаруй хүүхэд оролцож, тэднээс 661 хүүхэд мориноос унаж 98 хүүхэд бэртэж гэмтсэн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхэд 2, амиа насаа алдсан тохиолдол нэг гарсан бол 2019 он гарсаар нэг хүүхэд сунгааны үеэр моринд дайруулж амиа алдсан зэрэг харамсалтай хэрэг гараад байгаа тул өвөл, хаврын уралдааныг хориглосон байна. Дээрх тогтоолын хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллахыг аймаг, сумдын удирдлага, Хүүхдийн төлөө зөвлөлд даалгасан байна.