Хүүхдийн ордон нээгдсэний 10 жилийн ойд зориулан “Ховд минь нутаг минь” уран бүтээлийн тоглолтыг УБ хотноо амжилттай зохион байгуулжээ



Ховд аймгийн Хүүхдийн ордон нээгдсэний 10 жилийн ойд зориулан ГБХЗХГ-ын дугуйлангийн багш Монгол улсын СТА, хөгжмийн зохиолч Ж.Батцэнгэл, СТА бүжиг дэглээч, судлаач Ц.Нямдаваа нарын “Ховд минь нутаг минь” уран бүтээлийн тоглолтыг Улаанбаатар хотын МҮЭСТОрдонд амжилттай зохион байгууллаа. Тоглолтонд Ховд аймгийн ГБХЗХГ-ын Хүүхдийн ордны бүжиг, дуу, хөгжим, уран нугаралтын дугуйлангийн авьяаслаг сурагчид болон хоёр багшийн үе үеийн шавь нар нэгэн үед хамт ажиллаж, уран бүтээл туурвиж байсан найз нөхөд, урлагийн хамтрагчид, Ховд нутгаас төрөн гарсан урлаг соёлын одод оролцож нутгаа санасан үзэгч түмнийг нэгэн үдэш дуу хуур, бүжиг наадмын хөг аялгуун дор сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн гайхамшигтай тоглолт болсон байна.



“Ховд минь нутаг минь” тоглолтыг Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг нээж үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан тэргүүтэй нутгаа гэсэн олон олон хувь хүн, байгууллага хамт олон, ахмадууд Ховд нутгийнхаа авьяаслаг хүүхэд багачуудынхаа төлөө сэтгэл зүрхээрээ дэмжин ажилласны үр дүнд авьяаслаг сурагчдын тоглолт олон хүнд хүрч чаджээ.



Тоглолтын төгсгөлд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг нар тоглолтонд оролцсон авьяаслаг хүүхдүүдийг Монголын хүүхдийн ордны алтан медаль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын авьяаслаг сурагч алтан медалиар тус тус шагнаж урамшуулсан бол Монгол улсын СТА, хөгжмийн зохиолч Ж.Батцэнгэл, СТА бүжиг дэглээч, судлаач Ц.Нямдаваа нарыг “Хүүхдийн төлөө” медалиар шагнасан байна. “Ховд минь нутаг минь” тоглолтын тухай богино хэмжээний нэвтрүүлэг Ням гаригийн 08 цагаас “ТМ” телевизээр орон даяар цацагдана гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ