Монгол Улсын Засгийн газрын хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах тухай 2018 оны 218, хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах тухай 220 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар албан даалгавар гаргаж, сум, байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх 09-р сарын 06 ны өдөр “Бадамлах дөл” ХХК-ний дулааны төв болон “Ховд дулааны станц” ТӨХК-ийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.
“Бадамлах дөл” ХХК-ний дулааны төвийн 2 зуухны үйл ажиллагаа хэвийн байгаа бөгөөд урсгал засварын ажил 80 хувьтай байна. Харин “Ховд дулааны станц” ТӨХК –ний урсгал засварын ажил 90 хувьтай явагдаж байна. Тус байгууллага нь 1450 айл өрх, 56 аж ахуй нэгж, 23 төсөвт байгууллагыг дулаанаар хангадаг аж. Одоогийн байдлаар дулааны станц 500 гаруй тн нүүрсний нөөцтэй байгаа ба 12 хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой гэж албаныхан танилцуулав.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх хэлэхдээ:
“Ховд аймаг нь төвдөө хоёр дулааны станцтай. Эдгээр станцууд нь 10 дугаар сарын 01-ний өдрөөс аймгийн төвийн халаалт дулааныг айл өрх, албан байгууллагад түгээж эхэлнэ. Тиймээс станцууд нүүрсээ яаралтай татан авч, 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд 30 хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэн ажиллах шаардлагатай. Мөн урсгал засварын ажлуудыг бүрэн хийж дуусгах хэрэгтэй” хэмээн анхаарууллаа.