Ховдын Тарваснаас хүн хордоогүй

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр тарвас идээд хордлоо, гэдэс дотор эвгүйрхлээ гэсэн цуурхал мэдээлэл их гарах болсон. Энэ дагуу бид холбогдох газрууд болох Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газруудаас дараах мэдээллүүдийг авлаа. БОЭТ-д 2018 оны 8 сарын 1-20-ны хооронд 3596 үзлэг бүртгэгдсэнээс 146 үзлэг нь Бусад халдварт бус гастроэнтерит ба колит / k52/ гэсэн оношоор үзүүлсэн байна. К52 онош нь хоолны хордлого нарийн бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин бөгөөд энэхүү оношоор 0-5 насанд 109 хүүхэд бүртгэгдсэнээс 64 нь эмэгтэй, 45 нь эрэгтэй хүүхэд байна. 6- 15 насанд 17 хүүхдэд, 16 –аас дээш насанд 20 хүн бүртгэгдсэн байна. Харин дээрх хугацаанд БОЭТ-д 406 хүн хэвтэн эмчлүүлснээс Бусад халдварт бус гастроэнтерит ба колит / k52/ оношоор нийт 10 хүн хэвтсэн үүнээс 6 тохиолдол нь 0-15 насны хүүхэд байна. Одоогоор хүндэрсэн тохиолдол гараагүй бөгөөд бусад халдварт бус гастроэнтерит ба колит оношоор хэвтсэн хүмүүсийн өтгөний сорьцын шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

Ховд аймгийн амтат гуа тарвас бол эрт дээр үеэс буюу ойролцоогоор 300 гаруй жилийн тэртээгээс тариалан ирсэн сайхан уламжлалтай юм. Жил болгоны ургац хураалтын үеэр ногооноос хордлого авсан тухай ам дамжин яригддаг. Энэ нь нэг талаас хэрэглэгчдийн мэдлэг хомс байдагтай холбоотой.

Тарвасыг сонгон хэрэглэх хэд хэдэн зөвлөмж байдаг. Тухайлбал, Гүйцэд болсон тарвасны хальс нь нягт, зузаавтар, гадаргуу нь тэр чигээрээ гялтгар байдаг. Хэрвээ шаравтар өнгөтэй бол тарвас болсон гэсэн үг. Тарвасны хальсан дээр бараан өнгийн дугуй толбонууд байх ёсгүй гэнэ. Энэ нь химийн бордоо хэрэглэснийг гэрчлэх юм. Сонгож авсан тарвасаа тасалгааны хэмд 3-4 цаг хөргөж, хэрэглэхийн өмнө заавал угаах хэрэгтэй.

Тарваснаас хордож болно. Тарвас нь 90 орчим хувийн уснаас бүрддэг ч их хэмжээний амин дэм, ашигтай бодис агуулсан жимс юм. Тарвасны хордлого дулааны улиралд түгээмэл байдаг бөгөөд түүхий дутуу болсон тарвасыг хураан авч буруу нөхцөлд худалдаалж, зохисгүй нөхцөлд удаан хадгалснаас хордлогод хүргэдэг байна. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг хэрэглэхдээ худалдаж авснаас тодорхой хугацааны дараа гэрийн хэмд хөргөж, гадаргууг сайтар угааж цэвэрлэсний дараа хэрэглэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Учир нь наранд халсан ялангуяа тарвас, амтат гуанд агуулагдах бодисууд нь идэвхжсэн байдаг учраас шууд хэрэглэхэд гэдэсний суулгах өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг байна. Тарвасыг хадгалахдаа 90%-ийн чийгшилтэй, 10-15 хэмд 2-3 долоо хоног, 25 хэмээс дээш бол 5 хоног хадгална. Тарвас зөөлөрсөн бол этилийн хий үүссэн байдаг учраас зөөлөрсөн эсэхийг сайн шалгах нь зүйтэй.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

                                                                                                                                                                                                                                    Ж.САРУУЛ
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ