Ховд аймаг Засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн Засаг дарга нарыг унаажуулах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, хөдөөгийн ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилт тавьж, үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах асуудлыг энэ онд бүрэн шийдвэрлэж Багийн Засаг дарга нарт унааг нь хүлээлгэн өгөөд байна. Өнөөдөр л гэхэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт тойргийнхоо сумдын багийн Засаг дарга нарын мотоциклийг хүлээлгэн өгч, ажилд нь амжилт хүслээ. Газар нутгийнхаа хэмжээгээр Монгол улсдаа 2-рт ордог Алтай сумын Алтан гадас багийн Засаг дарга Т.Азжаргал л гэхэд хамгийн холдоо 150-200 км алсад нутаглах өрхдөө хүрч очиж төрийн үйлчилгээг үзүүлдэг байна. Тиймээс ард иргэдэд төрийн үйлчилгээг хамгийн шуурхай хүргэж ажилладаг багийн Засаг дарга нарт "УНАА" чухал хэрэгцээтэй байсан нь харагдаж байна. Ийнхүү багийн Засаг дарга нарыг унаажуулснаар алслагдсан багийн айл өрх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдийнхээ дуу хоолой, санал хүсэлтийг сонсох, тэднийг мэдээллээр хангах боломж өргөжиж байгаа талаар Багийн Засаг дарга нар талархан ярьж байв. Огноо: 8/13/2018 Төрөл: Улс төр Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3615 Мэдээ таалагдсан: