Монгол улсын 21 аймагт хөлбөмбөгийн спортыг жигд хөгжүүлэх бодлогоор зохион байгуулдаг
"Үндэсний цом" тэмцээн энэ жил анх удаа 16 насныхны дунд Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон
"Үндэсний цом" анхдугаар тэмцээн энэ сарын 1-6-ны хооронд явагдсан бөгөөд уг тэмцээний аваргын алтан медалийн төлөө Олон ястны өлгий Ховд аймгийн баг тамирчид Дархан-Уул аймгийн багийн эсрэг тоглон хоёр бөмбөгний зөрүүгээр хожигдож яваад эргэн ирэлт хийж, үндсэн цагт 3:2-оор хожсон байна. Өөрөөр хэлбэл 16 насны
"Үндэсний цом"-ын анхдугаар тэмцээний аваргын цомыг Ховдын хөвгүүд өргөлөө.
Үүнээс гадна багийн хамгаалагч Жаргалант сумын 1-р сургуулийн 10-р ангийн сурагч Н.Бямбадорж тэмцээний
“Шилдэг хамгаалагч”-аар шалгарсан байна. Харин тэмцээний хүрэл медалийг Баян-Өлгий аймгийн баг тамирчид хүртсэн байна.
Уг тэмцээнд оролцоход дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Ховд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Г.Пүрэвганди болон холбооны Тэргүүлэгчиддээ, аймгийн ЗДТГ-ын хамт олонд, нийт тамирчдын эцэг, эхчүүдэд, түүнчлэн Улаанбаатар хотын Андууд Сити клубын өсвөрийн баг, Мазала 1-р лигийн Вестэрн клубын дасгалжуулагч Н.Болор, жолооч Энхтөр болон тэмцээнд оролцогч баг тамирчдыг цаг үргэлж дэмжиж байсан фэнүүддээ баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Баянхонгор аймгийн Хөлбөмбөгийн Холбоо, Засаг Даргын Тамгын газрын хамт олонд гүнээ талархаж, цаашдын ажил хөдөлмөр, спортын замналд нь аймгийн Хөлбөмбөгийн холбоо, тамирчдын зүгээс амжилт хүсье гэлээ.