Манхан сум нь Монгол Улсын нийт сумдаас 2 дахь удаа, Ховд аймгийн сумдаас анх удаагаа Спорт цогцолбортой боллоо. Сум орон нутгийн иргэдийн бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, спортын төрлүүдээр хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, спортын гоо зүйн сургалт, тэмцээн уралдааныг зохион байгуулах, үндэснийхээ спортын соёл, өв уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэх, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, идэвхтэй хөдөлгөөн хийж эрүүл чийрэг амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Манхан суманд анх удаа 500 хүний суудалтай “Спортын цогцолбор”-ыг бүтээн байгуулж, нээлтийн арга хэмжээг энэ оны 07 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулав.
Манхан сумын
“Спортын цогцолбор”-ын нээлтийн арга хэмжээний хүрээнд Үндэсний бөхийн төрлөөр Ховд аймагтаа 10 удаа түрүүлсэн, Монгол Улсын 20-р зууны манлай, Аймгийн хурц арслан Бат-Очирын Ичинхорлоогийн хөшөөнд цэцэг өргөж, дараагаар нь Спорт цогцолборыг албан ёсоор нээж тууз хайчлах ёслолыг зохион байгуулсан юм. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Манхан сумын ИТХ-ын дарга П.Мягмарсүрэн, сумын Засаг дарга П.Мөнхбат, аймгийн БТСГ-ын дарга Г.Цэдэнбал болон Манхан сумаас төрөн гарсан ахмад, дунд, өсвөр үеийн тамирчид урилгаар оролцлоо.
Энэ үеэр зочид төлөөлөгчдийн зүгээс мэндчилгээ дэвшүүлж, спортын салбарт менежментийн шинэ сэтгэлгээ, арга барилыг төлөвшүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан Манхан суманд анх удаа Спорт цогцолборыг байгуулж байгаад талархал илэрхийлж, улс, тив, дэлхийн хэмжээний тамирчид бэлтгэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд амжилт хүслээ. Мөн аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг Манхан сумын “Спорт цогцолбор”-ын хамт олонд аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал гардуулан өгч, баяр хүргэв.
Энэхүү 500 хүний суудалтай спортын иж бүрэн цогцолборын нээлтийн арга хэмжээнд зориулан
“Волейболын тэмцээн” зохион байгуулж байна. Уг тэмцээнд Ховд аймгийн 14 сумаас эрэгтэй 15, эмэгтэй 10 багийн нийт 200 орчим тамирчид оролцож байгаа юм.
Дашрамд сонирхуулахад, Манхан сумаас төрөн гарсан тамирчид чөлөөт, самбо, жудо, үндэсний бөх, волейбол, хөнгөн атлетик, ширээний теннис, хүндийн өргөлт, мотоспорт зэрэг спортын төрлүүдээр тив, дэлхий, олон улсын болон улс, бүс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж, 1970 –аад оноос одоог хүртэл Волейболоор аймагтаа тогтмол тэргүүлж байгаа юм. Одоогийн байдлаар Манхан сумын эрэгтэй баг тамирчид аймагтаа 7 удаа, эмэгтэй баг тамирчид аймагтаа 10 удаа “Волейболийн аварга”-аар шалгарчээ. Манхан сумын Спорт цогцолбор нь 12 ажилтантай бөгөөд одоогийн байдлаар чөлөөт, жудо, үндэсний бөх, фитнес, волейбол гэсэн спортын 5 төрлөөр секц, дугуйлан 7 хоног бүр тогтмол хичээллэж байна.
Н.Лхагва