Дэлхийн Зөн Солонгос Олон Улсын Байгууллага нь аймгийн тогтвортой хөгжил, иргэд, хүүхдүүдийн сайн сайхан, аз жаргалтай амьдралыг цогцлоон бүрдүүлэхийн төлөө орон нутгийн удирдах ажилтнуудтай хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа билээ. Энэ хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, ажлын үр дүнтэй танилцах зорилгоор Дэлхийн Зөн Солонгос ОУБ-ын Зүүн өмнөд Азийн бүсийг хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч Мива Но Ховд аймагт ажиллаж байна.
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг болон зарим албан байгууллагуудын удирдлагууд Дэлхийн Зөн Солонгос ОУБ-ын Зүүн өмнөд Азийн бүсийг хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч Мива Нотой уулзаж, Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа Эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг сайжруулах аргачлал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах төсөл, боловсрол, хүүхэд хамгааллын төслийн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийлээ.Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг хэлсэн үгэндээ, Ховд аймаг нийгмийн салбартаа 17 дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд орон нутгийн салбар бүрийн хөгжилд Дэлхийн Зөн ОУБ-ын дэмжлэг, оролцоо чухал байр суурь эзэлдэг болохыг онцолж, цаашид ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч, хамтарч ажиллахыг уламжиллаа.
Дэлхийн Зөн олон улсын байгууллага нь Ховд аймгийн иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор жилд дунджаар 20 орчим төрлийн ажил, арга хэмжээнд эдийн засгийн болон тоног төхөөрөмжийн хэлбэрээр дэмжлэг үзүүлж байна. Мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөртэй уялдуулан Жаргалант сумын хэмжээнд 100 өрхийг мэргэшүүлэх урт, богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж, бүлгийн зохион байгуулалтанд оруулахад дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн одоогийн байдлаар эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг сайжруулах аргачлалыг 17 сум, өрхийн эмнэлгүүдэд хэрэгжүүлж байгаа юм.
Дэлхийн Зөн Солонгос ОУБ-ын Зүүн өмнөд Азийн бүсийг хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч Мива Но өнөөдөр аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүд болон БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Н.Лхагва