17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг угтсан “Хаврын өнгө-2018” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 09-нөөс 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Үзэсгэлэн худалдааны ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн газар, Биеийн тамир спортын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Хөгжимт драмын театр, Хөгжил политехник коллеж, Худалдаа аж үйлдвэрийн танхим ажиллав.
Үзэсгэлэн худалдаанд Жаргалант, Алтай, Буянт, Дарви, Дөргөн, Зэрэг, Манхан, Мөст, Мянгад, Цэцэг сумын 120 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд сүү цагаан идээ, чацаргана, гурилан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, үндэсний хувцас, гар урлалийн бүтээгдэхүүнээр оролцож, 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Энэ үеэр Аймгийн Засаг дарга Д.Галсандондог: Үйлдвэр, худалдаа эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, хэрэглэгчид нэг газраас бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүлсэн “Хаврын өнгө-2018” үзэсгэлэн худалдаанд оролцогч иргэн, үйлдвэрлэл эрхлэгчдийн ур чадвар жил ирэх тусам сайжирч, техник технологийн дэвшлийг ашигласан өнгө үзэмж, сав, баглаа боодолтой, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр өрсөлдөж байгааг харах таатай байна гэж хэллээ.
“Хаврын өнгө-2018” үзэсгэлэн худалдаанд ур чадвараа уралдуулж, хүч хөдөлмөрөө шингээж оролцсон эрхэм үйлдвэрлэгчдийн “Шилдэг бүтээгдэхүүн” шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 10-ны өдөр болж, 15 номинац тодруулан шагнав. Тухайлбал, “Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн” номинацид Жаргалант сумын иргэн Б.Жавзанханд, “Шилдэг махан бүтээгдэхүүн”-ээр “Хан Жаргалант Ховд” хоршооны хамт олон, “Модон эдлэлийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр “Мэргэн сонголт пүү” БГБХН, “Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн”-ээр Жаргалант сумын иргэн Б.Зоноров, “Шилдэг гурилан бүтээгдэхүүн”-ээр “Бөөргийн шугуй” ХХК-ний хамт олон, “Шилдэг сүүн бүтээгдэхүүн”-ээр Мөст сумын иргэн Л.Ариунцэцэг, “Тавгын шилдэг иж бүрдэл”-ээр Жаргалант сумын иргэн Д.Ичинхорлоо, “Шилдэг сүлжмэл эдлэл”-ээр “Тансаг хатан” ХХК, “Боловсруулсан шилдэг хүнсний ногоо”-гоор “Баялаг Буянт” ХХК, “Шилдэг зохион байгуулалттай оролцсон сум”-аар “Мөнххайрхан” сум, “Үйлдвэр эрхлэгч шилдэг залуу”-гаар Жаргалант сумын иргэн Л.Алтансүх, “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр “Хишиг эрдэнэ баяжих” ХХК, “Шилдэг органик бүтээгдэхүүн”-ээр “Гоо хайрхан” хоршоо, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”-ээр Дөргөн сумын “Малчдын хишиг” хоршоо, “Шилдгийн шилдэг гранпри” шагналаар Жаргалант сумын иргэн М.Баточир тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.
Н.Лхагва