Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн шийдвэрээр гал түймэрт орон гэрээ алдсан Буянт сумын Нарийн гол багийн малчин Ц.Сумъяапүрэвийн гэр бүлд 2018 оны 01-р сарын 24-ний өдөр таван ханатай шинэ гэр хүлээлгэн өглөө. Буянт сумын Нарийн гол багийн малчин Ц.Сумъяапүрэв нь долоон ам бүлтэй. 1992 оноос хойш мал маллаж байгаа бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр цахилгааны улмаас гал түймэрт автаж орон гэргүй болж, өвлийн хүйтэнд хүнд нөхцөлд амьдарч байсан юм. Тиймээс аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баярсайхан, төлөөлөгч Б.Энхтуяа нар тус суманд ажиллах үеэрээ шинэ гэр хүлээлгэн өгч, сайхан сэтгэлийн дэмжлэг үзүүллээ.
Мөн энэ үеэр аймгийн төр захиргааны байгууллага шинэ гэр олгож, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баярсайхан 200,0 мянган төгрөг, Буянт сумын ЗДТГ, сургууль, цэцэрлэг, анги хамт олон, ах дүү нарын зүгээс малчны гэр бүлд тодорхой хэмжээний мөнгөн тусламж, эд материалын дэмжлэг үзүүлж байгаад малчин Ц.Сумъяапүрэв, түүний гэргий Д.Загдсүрэн нар талархал илэрхийлж байв.
ВИДЕО: