Малчдын өвөлжилтийн нөхцөл байдал, сум орон нутгийн цаг үеийн ажил байдалтай газар дээр нь танилцах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор хөдөө орон нутагт ажиллаж буй аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 19-ны өдөр Дарви суманд ажиллав. Ажлын хэсгийнхэн Дарви сумын удирдах ажилтнууд, Багийн Засаг дарга нартай уулзлаа. Дараа нь тус сумын Мөнгөн аяга, Дэлгэр багийн зарим малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж,
“Малчдадаа тусалъя” сайн үйлсийн аяны хүрээнд хандивласан бээлий, шүдэнз, малын нэмнээ, тэжээл, давс, гурил зэргийг Дарви сумын 5 малчин өрхөд гардуулан өглөө.
Уулзсан малчид бэлчээрийн өвс тэжээл муу байсан ч зохих хэмжээний өвс бэлтгэж нөөцөлсөн, цас ихтэй, цагийн байдал хүндэрч байгаагаас нэлээд олон малыг тэжээлд оруулсан гэлээ. Тухайлбал: Дэлгэр багийн малчин, аймгийн аварга малчин Н.Дашдорж: 1200 гаруй малтай. Булган сум, Говь-Алтай аймгийн Тонхил суманд бод малаа отроор өвөлжүүлж байгаа. Одоогийн байдлаар 80 орчим ишиг, хурганд өвс, тэжээл өгч байна. 400 боодол өвс, 100 уут тэжээл бэлтгэсэн, одоо дуусч байна гэв. Тийм учраас малчдад өвс, тэжээл нэн чухал хэрэгцээтэй болж байна. Мөн 6-7 км-ийн алсаас усаа авч байгаа бөгөөд тэжээж буй малаа тууж услах, усыг зөөвөрлөж авч ирэх нь хүндрэлтэй байгааг уламжлаад Дэлгэр багийн "Мандалын хүүш" хэмээх газарт худаг гаргаж өгөх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгааг хүслээ.
Ажлын хэсэг Дарви сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд, өвөлжилтийн ерөнхий төлөв байдлын талаар мэдээлэл хийж, иргэд хөдөлмөрчид, малчдын санал бодлыг сонсон, сонирхсон асуултанд хариулт өглөө.
Тодруулбал, Дарви сумын Улсын аварга малчин Д.Хувцагаан “багш нарын цалин нэмэх, биеийн тамирын эмэгтэй багш нарын ажлын орон тоог нэмэгдүүлэх, хууль бус олборлолтыг зогсоох зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлсэн бол ахмад настан Ч.Доржням малчид арьс шир, ноосны урамшууллаас өөр ямар хэлбэрээр хөнгөлөлттэй өвс, тэжээл авах боломж байгаа талаар анхаарч ажиллахыг аймаг, сум орон нутгийн удирдлагуудаас хүслээ.
Энэ үеэр Дарви сумын Засаг дарга Д.Түмэндэмбэрэл сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус сумын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил зохион байгуулах ажлын хэсгүүдийг томилж, хийгдэх ажлын төлөвлөгөөг хугацаатай, хариуцах эзэнтэй, ажиллах хүч гарган өвөлжилтийн бэлтгэл хангах 2 сарын аян зарлан, хэрэгжүүлэн ажиллажээ.
Энэ жил Дарви суманд 236340 толгой мал өвөлжиж байна. Мөн отор нүүдлээр 31 өрхийн 14250 мал Булган, Алтай, Үенч суманд өвөлжиж байна. Сумын нутаг дэвсгэрийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд цасны зузаан уулархаг нутгаар 20-25 см, сумын төв болон тал хээрээр 10-15 см байна. Өнөөдрийн байдлаар Дарви суманд нийт 1331 мал хорогдсон мэдээтэй байна. Дарви сумын хувьд аймгийн нөөцөөс олгосон 600 боодол өвс, 200 уут тэжээлийг баг тус бүрт хувиарлан малчдадаа хүргэжээ. Мөн сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр 3000 боодол өвсийг хөнгөлөлттэй үнээр малчин өрхүүдэд хүргүүлэн ажиллаж байгаа аж. Одоо 20260 боодол өвс, 5296 уут тэжээл шаардлагатай гэсэн судалгаа гарсан тухай сумын Засаг дарга Д.Түмэндэмбэрэл танилцуулав.
Аймгийн Засаг дарга Д.Галсандондог тус суманд ажиллах үеэрээ өөр сумын нутагт отроор өвөлжиж буй малчдаа байнга эргэж тойрч дэмжиж ажиллахыг мөн жирэмсэн эхчүүдийг эрүүл мэндийн байнгын хяналтанд авахыг сум орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо.