Аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг Чандмань суманд ажиллав



Аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг 01-р сарын 18 ны өдөр Чандмань суманд ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Т.Баатарзориг, ИТХ-ын төлөөлөгч Н.Батцагаан, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү нарын албаны төлөөлөл багтан ажилласан байна.  Ажлын хэсгийнхэн эхний ээлжинд тус сумын удирдах ажилтнууд, Багийн Засаг дарга нар, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлуудын талаар болон аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2018 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултанд хариулт өглөө. 



Дараа нь тус сумын Баянхайрхан, Жаргалан багийн малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. Энэ үеэр аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог “Малчдадаа тусалъя” сайн санааны аяны хандивын гурил будаа, лаа шүдэнз, малын нэмнээ, бээлий зэргийг малчдад гардуулан өгөв.



Мөн Чандмань сумын Засаг дарга Б.Галбадрах сумынхаа өвөлжилтийн байдал, отор нүүдэл, болон цас зудтай байгаа энэ хүнд үед сум орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өглөө. Чандмань сумын хувьд 6 багтай, 2017 оны жилийн эцсийн байдлаар 254717 мал тоолуулснаас тэмээ 3657, үхэр 9571, адуу 9494, хонь 104057, ямаа 127938 тоолуулсан байна.  Өнгөрсөн онд тус сумын нийт нутгаар гантай, зуншлага намаржилт тааруу болсон дээрээс нь цас ихтэй учраас өвөлжилтийн байдал хамгийн хүнд сумдын тоонд багтаж байгаа юм. Сумын нийт малын 40 гаруй хувь нь буюу нийтдээ 100,0 мянга гаруй мал  4 аймгийн 17 сумын нутагт отроор өвөлжиж байна. 2018 оны 01 сарын 15-ны байдлаар сумын дүнгээр тэмээ 61, адуу 294, үхэр 500, хонь 2277, ямаа 3883 нийт 7015 толгой мал хорогдсон мэдээтэй байна. Цаашдаа өвөлжилт, улмаар хаваржилт илүү хүндрэх төлөвтэй байгаа юм.



Аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг 1 сарын 19-нд Дарви суманд, 20-нд Цэцэг сум, 21-нд Зэрэг сум, 22-нд Манхан сум, 24, 25-ны өдрүүдэд Мөст, Мөнххайрхан сумдад ажиллана.

Image may contain: 2 people, people standing, sky and outdoor





                                                                                                                                                                                                                                                              Гэрэл зургийг:www.khovd.gov.mn


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ