Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг, аймгийн төвөөс 15 орчим км-ийн зайд "Дөрвийн хөтөл" гэх газар жолооч Н овогтой Л нь хальтиргаа, гулгаатай зам дээр огцом эргэлт хийхдээ өөрийн хайхрамж болгоомжгүй байдлаасаа цахилгааны шон мөргөсөн осол гаргажээ. Ослын улмаас азаар хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй харин цахилгааны саатал гарч албан байгууллага, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, багагүй хохирол учирч байна. Гэмтлийг шуурхай засварлахаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг, “ББЭХС” ТӨХК, “Ховд ЦТС” ХХК, Ховд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги гээд мэргэжлийн байгууллагуудын 40-50 хүний бүрэлдэхүүнтэй баг маш хүнд нөхцөлд ажиллаж байна.
Ховд ЦТС ХХК, аймгийн Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөлөөс өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар цахилгааныг нэг шугамаар өгч байгаа. Гэмтсэн шугамыг засварлаж өндөр хүчдэлийн шон суулгахад 3 метр гүн нүх ухах ёстойгоос 1 метрийг нь ухсан. Маргааш 2-3 цаг 0 зогсолт хийж засварын ажлыг хийж дуусгана гэж мэдээллээ.