С.Бямбацогт: Татвар нэмсэн асуудлаа эргэж харах боломж бүрдсэн




УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлуудын хүрээнд ярилцлаа.


-Та Монгол Улсын Ерөнхий сайдад өвөлжилттэй холбоотой асуудлаар асуулга хүргүүлсэн. Өнгөрөгч долоо хоногт асуулгын хариуг сонсох байсан ч хойшлуулсан байна. Ямар шалтгаанаар хойшлуулсан юм бол?


-Өнгөрсөн зун Монгол Улсын нийт нутгийн 70 орчим хувь нь гандуу байсан. Өнөөдөр нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй, үе үе цочир хүйтэрч байгаатай холбоотойгоор өвөлжилт хүндэрч байгаа тул Засгийн газар үүнд илүү анхаарч ажиллах ёстой. Өвөлжилтийг хохирол багатай давахын тулд ямар ажил хийж байна вэ гэдэг асуулга хүргүүлсэн. Дараагийн чуулганы асуулгын цаг дээр хэлэлцэх байх.

-Та утааны гамшгийн хүрээнд Ерөнхий сайдад мөн санал хүргүүлсэн. Яг ямар санал хүргүүлсэн бэ. Манайхан утааны талаар 20 гаруй жил яриад өнөөдөр сайжирсан үр дүн алга л байна. Гэсэн хэдий ч утаанаас салах тухай өнөөдөр ч ярьсаар байна л даа...

-Монгол Улсын Ерөнхий сайдад утаатай холбоотой, үүнийг дорвитой шийдэх арга замын талаар санал хүргүүлсэн. Утаа Монгол Улсад гамшиг болж байна. Бидний хувьд бодит аюул занал, нэгдэж тэмцэх ёстой дайсан маань боллоо. Энэ дайсантайгаа Ардын нам, Ардчилсан нам, Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар гэж талцаж, улс төржихгүйгээр хамтдаа тэмцье гэсэн юм. Ерөнхий сайдад утаатай тэмцэхээр хүргүүлсэн санал маань урт, дунд, богино хугацаандаа утааны тал дээр ингэж анхаарч, Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар, иргэд харилцан уялдаатай ингэж ажиллах хэрэгтэй байна гэсэн ажил хэрэгч санал юм. Өчигдөр гэнэтхэн утаатай болчихоод өнөөдөр ард иргэд бухимдаад байгаа юм биш. Өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө утаа Улаанбаатар хотын асуудал болж эхэлсэн. 10 гаруй жилийн өмнөөс 21 аймгийн төв болон томоохон суурин газруудад утаа нэмэгдсэн. Улаанбаатар хот болон 21 аймгийн төв маань утааны гамшигт нэрвэгдэж хүлээн зөвшөөрөх, хүлцэн тэвчих тэр хэмжээнээс хэд дахин давчихсан.
Тиймээс 21 аймаг, Улаанбаатар хотын утааг бууруулах тал дээр Засгийн газар анхаарч ажиллах ёстой.
Утаа гэнэтхэн Ардын намын үед бий болчихоод байгаа юм биш. Үүнийг шийдэхийн тулд үе үеийн Засгийн газар, Их хурал тодорхой шийдвэр гаргаж ирсэн. Шийдвэр нь хэрэгжээд үр дүн нь гарахын өмнө гаргасан шийдвэрийг өөрчилдөг, Засгийн газар, Их хурлаас гарсан шийдвэрийг Нийслэл, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхгүй саармагжуулдаг, хийлгүй орхигдуулдаг хариуцлагагүй байдал олон ч удаа гай болсон. Төрийн бодлогын залгамж чанар алдагдсан, төрд ажиллагсдын ажилдаа сэтгэлгүй хойрго хандлага үүний гол шалтгаан. Үүнийг яаралтай засах ёстой. Бүр 2009 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үед Зам тээвэр, хот байгуулалтын сайд байхдаа тэр үеийн Байгаль орчны сайд Л.Гансүхтэй “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төслийг Их хуралд оруулж ирсэн. Үүнийг нь батлуулах ажлын хэсгийг би ахалж байсан юм. Ажлын хэсэг ахалж байхдаа "Зөвхөн нийслэлдээ анхаарах юм бол тэр хэмжээгээр нийслэлийг зорих хөдөөгийн иргэдийн цуваа тасрахгүй. Тэр хэмжээгээр хүн амын төвлөрөл дахиад л нэмэгдэнэ. Утаа, замын түгжрэл, гэмт хэрэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал дагаад бий болно. Тиймээс Монгол Улсын иргэдийг төрж өссөн нутагтаа ая тухтай амьдрах бололцоо боломжийг хамтад нь шийдэж байж Улаанбаатар хотын асуудлыг шийднэ" гээд "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг батлуулж байв. Үнэндээ тэр үед 100 мянган айлын орон сууц төсөл хэрэгжүүлнэ, бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбоно гэхэд итгэх хүн байгаагүй. Чи бод доо. Тухайн үед 2004-2008 оны хооронд бүтэн дөрвөн жилийн хугацаанд ердөө төрийн албан хаагчийн "4000 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг дэвшүүлж, яаж барих вэ гэж л ярьдаг байлаа шүү дээ.

-"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн гол зорилтууд юу байв. Хэрхэн хэрэгжсэн гэж дүгнэж байгаа вэ?

-Үнэхээр их том зорилтууд дэвшүүлсэн. Зоригтой ч ажилласан. "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн гол зорилго бол Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалт өрнүүлэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор нь шийдэх явдал байсан юм. Ингэж байж хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангана гэж үзсэн. Тухайлбал, Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй холбосон 5572 км авто зам барих, "100 мянган айлын орон сууц" төслийн хүрээнд Улаанбаатар хотын 35 байршилд 80 мянгаас доошгүй айлын орон сууцны цогцолбор хороолол, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд 25 мянга хүртэлх айлын орон сууцны хороолол барих зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн хугацаанд энэ том зорилтууд бүрэн хэрэгжсэн.

-Тэгвэл яагаад утаа тодорхой хэмжээнд буурсангүй вэ?

-Орон сууц, авто зам гээд том зорилтууд биелэгдсэн ч тэрэнтэй уялдаатай бусад зорилтууд орхигдсоны горыг өнөөдөр бид амсч байна. Тухайлбал, ногоон байгууламж, гэр хорооллын янданг бууруулах, утаа бууруулах түлшний асуудал хаягдсан. Уг нь 2010 онд бидний дэвшүүлсэн хөтөлбөр дотор бүрэн шаталттай зуух, утаагүй түлшийг хамтад нь цогцоор нь хэрэглэх замаар утааг бууруулах тухай тов тодорхой туссан. Энэ асуудалд өмнөх Засгийн газар гар хумхин зүгээр суугаагүй. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөр дотор 114 ажлыг жагсаасан. Нэг үгээр хэлбэл утааг яаж шийдэх вэ гэдэг нь цогцоороо орсон. Засгийн газар үүнийг хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарах ёстой.

-Гэхдээ Засгийн газар дахин судалгаа тооцоо хийх юм яриад байгаа юм биш үү?

-Засгийн газар дахин судлах, цаг алдах огт шаардлагагүй. Энэ ажлуудыг эрэмбэлэх, илүү хөрөнгө хүч хаях, онцгой анхаарах зүйл байж болно. Тэгэхгүйгээр тэнд тийм сайн юм байна гэхээр нь тийшээ үсчээд, энд ийм мундаг юм байна гэхээр нь ийшээ үсрээд байж таарахгүй. Бодлогогүй, савласан байдал ажилд садаа л болохоос сайн зүйлд хүргэхгүй. Тодорхой бодлого байсаар байхад түүнийг 2012-2016 онд тууштай хэрэгжүүлсэн бол үр дүн нь гараад эхэлчих байсан. Одоо гэтэл сүүлдээ утаа гаргаж буй эх үүсвэртэй нь тэмцэхгүй гараа өргөн бууж өгөөд утаанаас хамгаалах маск зүүх, агаар цэвэршүүлэгчийн тухай л асуудал руу хальтираад орчихлоо. Утаанаас түр зуур аргацааж хамгаалах биш бүрмөсөн утааг устгах зам руу явах ёстой. Урт хугацаандаа бид гэр хороолол руу цэвэр, бохир усны шугам татаад айл өрхүүдийг хашаандаа сайхан амьдрах бололцоо боломжийг бүрдүүлж өгөх шаардлагатай. Төрөөс цэвэр, бохирын дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл иргэд хашаандаа амины орон сууцаа барина. Ингэж байж яндангийн тоо цөөрнө. Өнөөдөр зах зээлд 40 шахам мянган орон сууц борлогдоогүй байгаа ч дунджаар 1м2 нь 1.8 сая төгрөг байгаа учраас иргэд орон сууцанд орж чадахгүй байна. 60 м2 орон сууцанд орохын тулд дунджаар 100 сая төгрөг хэрэгтэй. Гэтэл ийм төлбөрийн чадвартай иргэд алга. Тэгвэл дэд бүтэц нь байвал маш хямд өртгөөр 1м2 -ыг нь 500 мянган төгрөгөөр иргэд барьчих боломжтой. 60 м2 амины орон сууц 30 сая төгрөг л болно Энэ бол урт хугацаандаа хамгийн зөв шийдэл. Үүнийг хийхийн тулд мэдээж хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тиймээс төлбөрийн чадвартай иргэд дээрээ Засгийн газар ийм хөтөлбөр хэрэгжүүлье. Дараагийн авах арга хэмжээ нь цахилгаан халаагуур, хийн түлшээр шийдье. Хашаандаа орон сууц барих боломжгүй, цахилгаан халаагуур тавих санхүүгийн боломж багатай иргэддээ цахилгааны үнийг нь тэглэх, хөнгөлөх байдлаар асуудлыг шийдье. Хөдөө орон нутагт амьдрах хүсэлтэй гэр бүлд нэг удаагийн мөнгөн тэтгэмж, урамшуулал олгосон ч болж байна. Түүнээс биш маск, агаар цэвэршүүлэгч тараах замаар асуудлыг шийдэхгүй. Нэн түрүүнд одоо борлогдохгүй байгаа орон сууцыг гэр хорооллын иргэд газар, хашаагаараа солих, урьдчилгаанд нь өгч ипотекийн зээлд хамрагдах, зарим орон сууцыг төр худалдан авч хямд түрээсийн орон сууц болгох замаар асуудлыг шийдэх гарц байна.

-Засгийн газар мөнгөгүй л гэдэг. Нийт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс ганц удаа бүх нөөц боломжоо дайчилчихаж болдоггүй юм уу. Сүүлийн жилүүдэд 200 гаруй тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан шүү дээ?

-Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Ийм орчныг бүрдүүлэх нь төр засгийн үүрэг. Олон санаат оргож чадахгүй. Эргэж буцсан, гал унтраах төдий шийдвэр гамшгийг үндсээр нь таслан зогсоохгүй. Гэтэл үүнийг далимдуулан утааны асуудлыг шийдэхгүй бол УИХ тар хэмээн улс төржиж байна. Ардын намын үед утаа бий болсон, Ардын намын Засгийн газар муу ажиллаж байна. Тиймээс хариуцлага тооцъё гэдэг ч юм уу нийгэмд бухимдал болсон асуудлыг өнөөдөр л гэнэт бий болчихсон асуудал мэт тодорхой зорилготойгоор зарим нэг хүмүүс дэвэргэж иргэдийг турхирч байгаад харамсч байгаа. Хуруугаа хөдөлгөхгүй байж хошуу нэмээд зүгээр сууж байгаад нь эгдүүцэж байна. 200 гаруй тэрбум төгрөгийн асуудал чинь сүүлийн 10 жил утааг бууруулахад зарцуулсан мөнгө. 2012-2016 оны хооронд утааг бууруулахад хамгийн их буюу 140 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Аль үед нь үр дүн гарч, аль үед нь асуудал гамшиг болон даамжрав, үргүй хөрөнгө зарав гэдгийг дор бүрнээ нэг бодчихоорой. Шинжлэх ухааны академийнхан судалгаа хийж үзээд хоёр их наяд төгрөг зарцуулж байж утааны асуудлыг шийднэ гээд тооцсон байна лээ. “Утаагүй Улаанбаатар” форумын үеэр есөн их наяд төгрөгөөр утааны асуудлыг шийднэ гэж байсан. Миний хувьд тийм их мөнгө зарцуулах шаардлагагүй гэж бодож байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан сараас өмнө утаа бууруулахгүй бол УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах хэмжээний асуудлыг хөндөнө гээд хэлчихсэн. Цагаан сараас өмнө утаа бууруулах боломж байна уу?

-Бие бие рүүгээ чихээд суугаад байх биш хамтдаа утаа гэх ганц дайсантайгаа тэмцэх ёстой. Агаарын бохирдол Агаарын чанарын стандартыг хэд дахин давчихсан. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн хэлснээр Онц байдал зарлахыг хуулинд тодорхой заасан байдаг. Онц байдал зарласнаар утааны асуудал шийдэгдэхгүй. Онц байдал зарласан бүс нутгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, тухайн хүмүүсийг нүүж очсон газар нь амьдрах орчин нөхцөлөөр хангах, хоол хүнсийг нь бэлдэхээс эхлээд олон зүйл бий. Улаанбаатарт онц байдал зарлалаа гэхэд 1.4 сая иргэнээ хаана аваачих юм, хаашаа яв гээд байгаа юм.

-Сүүлийн үед иргэдийг бухимдуулж буй өөр нэг сэдэв нь татварын нэмэгдэл. Тэр тусмаа Хувь хүний орлогын албан татвар нэмэгдсэн нь олны анхаарлын төвд байгаа. Уг татварыг эргэн харах боломж бий юу. Засгийн газрын гишүүд өмнөх засгийн үед нэмсэн гээд булзах маягтай байна?

-Татварын нэмэгдлийг эргэн харах боломжтой гэж бодож байгаа. Энэ Засгийн газрын үед татвар нэмээгүй, өмнөх Засгийн газрын үед татвар нэмсэн гээд бид бие бие рүүгээ бурууг чихэх нь утгагүй. Өнөөдөр 65 суудалтай МАН засгийн эрх барьж байгаа. УИХ-д олонхийг, Засгийн газрыг дангаараа бүрдүүлж байна. Тийм болохоор хэн гэдэг Ерөнхий сайдтай, хэний тэргүүлсэн Засгийн газар, хэн гэж гишүүд байгаа тухай ярих юм бол бүгдээрээ МАН-д хамаарна. Тийм болохоор дотроо бие бие рүүгээ асуудлыг чихээд суух нь утгагүй. Түүний оронд яагаад татвар нэмэх нөхцөл байдалд хүрсэн бэ гэдгээ ард түмэндээ зөв ойлгуулах нь чухал. 2012 онд Ардын нам Засгийн эрх барьж байгаад Ардчилсан намд хүлээлгэж өгөхөд эдийн засгийн өсөлт 17 хувь, гадаадын хөрөнгө оруулалт 4.7 тэрбум ам.доллар байлаа. Бизнес буцалж, валютын ханш 1300 төгрөг байлаа шүү дээ. Ийм эдийн засгийг Ардчилсан намд хүлээлгэж өгөхөд тус намынхан 2012-2016 онд эдийн засгийн өсөлтийг хасах нэг хувь, гадны хөрөнгө оруулалт мөн хасах руу орчихсон, валютын ханш 2000 төгрөг давчихсан ийм л улс орныг бидэнд өгсөн. Татварын орлого буурч, цалин, тэтгэврээ тавих боломжгүй болж гаднаас зээл авч 2016 оны хавар цалин, тэтгэврээ тавьж байсан. Ийм л Засгийн газрыг бид 2016 онд хүлээн авсан. Мөн өр төлбөр нь хэд дахин нэмэгдсэн, төлбөрөө төлөх цаг нь тулчихсан энэ үед цалин, тэтгэврээ яаж хугацаанд нь тавих вэ, хүүхдийн мөнгөө хэрхэн өгөх вэ гэдэг асуудал байсан. Бондын өрийг төлөхийн тулд дэмжлэг туслалцаа авахаас өөр замгүй болчихсон байсан юм. Төлж чадахгүй бол Монгол Улс олон улсад дампуурлаа зарлах хэмжээнд хүрсэн. Тиймээс аргагүйн эрхэнд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, тэднээс санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай болсон. Тэд “Бид та нарт санхүүгийн дэмжлэг үзүүлж болно. Өгсөн мөнгийг өмнөх Засгийн газар шигээ үр ашиггүй, үрэлгэн замбараагүй зарцуулаад байх юм бол бидний өгсөн мөнгөний үр дүн гарахгүй. Тиймээс та нарт тодорхой нөхцөл болзол, шаардлага тавина. Үүнийг хангаж, биелүүлж чадна гэвэл дэмжлэг үзүүлнэ” гэдэг болзол тулгасан. Аргагүйн эрхэнд тэр болзлыг хүлээж авсан. Тухайн болзол дунд татвар нэмэх асуудал явж байсан л даа.
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан, тулгамдаад байсан өр төлбөр төлөх дарамтаас бид гарсан. Энэ хугацаанд Засгийн газар зөв бодлого явуулсан. Зөв бодлогын үр дүнд эдийн засаг өсч оны эцэст 5.8 хувийн өсөлттэй гарч, төсвийн орлого нэмэгдсэн. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өссөн гээд орлого нэмэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлс байсныг үгүйсгэхгүй. Эдийн засгийн өсөлт ингээд бий болчихоор өсөлтөөсөө бид өр зээлээ төлөх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Ардчилсан намыг засаглаж байхад хөрөнгө оруулалт зогссон. Хөрөнгө оруулалтын ард аж ахуйн нэгжүүдийн олон хүний цалингийн асуудал яригддаг. Тэгвэл энэ 2018 онд Монгол Улс нийт хоёр их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 625 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болж байна. Сүүлийн дөрвөн жилийн хамгийн их хөрөнгө оруулалт, шинэ ажлууд эхэлнэ. Хүмүүс ажилтай, цалинтай болно. Үүнийг дагаад эдийн засаг идэвхжинэ. Нэг талаасаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нөгөө талаасаа МАН-ын Засгийн газрын явуулсан бодлого зөв байсны үр дүнд эдийн засгийн өсөлт бий болж байгаа юм. Тухайн үед татвар нэмэх болзлыг хүлээж авахаас өөр гарц байгаагүйг түрүүн би хэллээ. Харин өнөөдөр бол сэхээнд байсан эдийн засаг энгийн тасгаасаа ч гарлаа, төсвийн орлого ч нэмэгдлээ, эдийн засагт ногоон гэрэл бүрэн аслаа. Тийм болохоор татвар нэмэх шаардлага байхгүй болсон гэж би харж байна. Ард түмэндээ амласан амлалт, манай намын Мөрийн хөтөлбөрт ч татвар нэмэхгүй тухай байгаа гэдгийг бодох учиртай.

-Тухайлбал...

-Эдийн засгийн өсөлт нэмэгдчихлээ. Төсвийн орлого давж, төсвийн алдагдал буурч байна. Бизнесийн идэвхжил, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Ийм байхад Хувь хүний орлогын албан татварын 50 гаруй тэрбум төгрөгийг нэмэгдүүлж авах гээд улайраад байх шаардлагагүй. Буцаагаад хуучин хэвэнд нь оруулахад болохгүй гэх зүйлгүй. Учир нь эдийн засагт өсөлт бий болчихсон. Үүнээсээ бид орлогын дутагдсан хэсгээ нөхөөд явах боломжтой. Төлөвлөсөн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг хангаад явах нөхцөл бүрдсэн. Тиймээс иргэдийг бухимдуулсан энэ татварын асуудлаа эргэн харах хэрэгтэй. Уг нь нийт цалин авагчдийн ердөө таван хувьд нь ХАОАТ нэмэгдэж байгаа ч бид энэ татвараа авахаа болилоо гээд эдийн засагт дарамт учирч, төсвийн алдагдал нэмэгдэхгүй. Учир нь тийм боломж бүрдсэн болохоор ингэж хэлээд байгаа юм.

-ОУВС анхнаасаа татвар нэм гээгүй. Татварын бааз сууриа бэхжүүл, онгорхой цоорхойгоо нөх гэсэн юм биш үү. Манайхан л татвар нэмчихсэнээс биш?

-Татварын бааз суурийг нэмэгдүүлэх олон арга бий. Бид НӨАТ-ын бааз суурийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлээд НӨАТ-ын бааз суурь нэмэгдсэн. Одоо бизнесээ дэмжиж, томоохон хөрөнгө оруулалтуудаа дэмжээд байх юм бол ажлын байр бий болж, бизнес хийх дарамтгүй болчихвол аж ахуйн нэгжүүдийн ажиллах боломж бүрдэнэ. Энэ хэрээр компаниудын орлого нэмэгдэж, тэр хэрээрээ төлөх татвар нь ч нэмэгддэг. Тиймээс бизнесийнхэн, баялаг бүтээгчдээ дэмжих ёстой. Ингэж байж татварын бааз сууриа нэмнэ. Нөгөө талдаа татвар нэмэх замаар орлого нэмэгдүүлэх гээд олон арга бий. Аль алийг нь авч хэрэгжүүлж байна. Эдгээр хувилбарыг хослуулан хэрэгжүүлсний дүнд төсвийн орлого давж биелж байгаа. Ийм үед заавал Хувь хүний орлогын албан татварыг оролдоод яах юм. Экспортын хэмжээ анх удаа зургаан тэрбум ам.доллар давж, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Энэ бол эдийн засаг сэргэж буйн хамгийн том дохио. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар болоод байна. Алтны худалдан авалт 20 тоннд хүрч, хандивлагч орон, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр төлбөрийн тэнцэл нэг тэрбум гаруй ам.долларын ашигтай гарлаа. Монгол Улсын гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрлээ.
Засгийн газар ОУВС-тай дахин хэлэлцээрийн ширээний ард сууж "...Анх хөтөлбөр хэрэгжүүлж байх үеийн нөхцөл өнөөдөр өөр болсон. Хөтөлбөр хэрэгжүүлээд сайн үр дүн гарлаа. Тиймээс бүсээ чангалах, татвар нэмэх бодлогоо эргэж харъя. Эдийн засгаа тэлж, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих замаар орлогын дутуугаа нөхөх боломж байна. Тийм болохоор 50 тэрбумынхаа татварыг бууруулчихъя..." гэдэг хэлэлцээрийг Засгийн газар ОУВС-тай ойрын үед хийж, нэг талдаа гарах хэрэгтэй.

-Засгийн газар байгуулагдаад 100 хонолоо. Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгөх вэ?

-Би Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдад МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж бий. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар хамгийн их анхаарал хандуулан ажиллах ёстой гэдгийг байнга хэлж байгаа. Тухайлбал, яаралтай шийдэх ёстой хэд хэдэн том ажил бий. Шатахууны хараат байдлаас гарахын тулд олон жил ярьсан нефть боловсруулах үйлдвэрээ одоо жинхэнэ ажил болгоё. Зэс хайлуулах, ган боловсруулах үйлдвэрээ хурдан байгуулмаар байна. Шинэ төмөр замын ажлыг шуурхайлъя. Улаанбаатар хотод гэхэд шинэ Төв цэвэрлэх байгууламж, тавдугаар цахилгаан станцыг яаралтай барьж ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Үйлдвэржилтийг дэмжих 21:100 хөтөлбөрөө хэрэгжүүлье. Энэ хүрээнд 21 аймагт 100-аас доошгүй үйлдвэр байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Ингэж бид гадагш урсах валютаа багасгана. 66 сая малтай, нэг хүнд ногдох малын тоогоороо дэлхийд тэргүүлдэг хэрнээ, мал нь өссөн ч өгөөж нь нэмэгддэггүй байдлаас гарах ёстой. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд малаа бүрэн эрүүлжүүлж, болж өгвөл малын гаралтай бүх түүхий эдээ боловсруулах үйлдвэрүүдтэй болох хэрэгтэй. Ингэж байж олон мянган ажлын байр бий болж, иргэд маань илүү орлоготой болно. Энэ бүхнийг хийж чадвал Монголд эдийн засгийн хувьсгал ялна. Тулга тойрсон явган хэрүүл, асуудал шийдэхгүй аахар шаахар зүйлээс татгалзаж, далайцтай том төслүүдээ хурдан хэрэгжүүлж байж Монгол Улс хөгжинө.

-Сүүлийн үед У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гэж байна гэж ярих боллоо. Энэ талаар та сонссон уу?

-Ажил хийх гэж байгаа хүмүүсийн сэтгэл санааг хоёрдуулах шаардлагагүй. Итгэсэн бол итгэсэн шиг итгээд, дэмжсэн бол дэмжсэн шиг дэмжээд явах ёстой. Мэдээж бурууд нь хурц, зөвд нь зөөлөн байна. Буруу зүйлийг нь шүүмжилж засуулаад, зөв бодлогыг нь дэмжээд явах нь бидний үүрэг.

-Гэхдээ та нарыг ажил хийх гээд явж байхад унагаж байсан байх аа...

-Тодорхой цаг хугацааны явцад хүмүүс ойлгоно биз дээ. Бидний зөв, буруу аль нь байсныг цаг хугацаа л шүүнэ. Юутай ч эдийн засгаа эрүүлжүүлж, эрх зүйн орчноо төлөвшүүлэхийн тулд богино хугацаанд чамгүй ажил хийсэн нь бодит үнэн. Эмхэнд нь оруулж цэгцэлсэн, ээдрээ зангилааг нь тайлсан ажил чамгүй их бий. Эхлүүлсэн ажлыг залгаж хэрэгжүүлэх, эрчийг нь алдуулахгүй шуурхай хэрэгжүүлэх нь энэ Засгийн газрын үүрэг. Өс санах биш эв зангидаж, хүч түрэх биш хуулиа дээдэлж, иргэдээ эрхэмлэж Монгол хэмээх нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэж зүтгэх нь улс оронд маань хожоотой гэдгийг мартаж болохгүй.

                                                                                                                                                                                           Ярилцсан Э.ЭНХБОЛД


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ