“Ховд аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөлт 2015-2025” бодлогын баримт бичигт эдийн засгаа дэмжих, эко системийн тогтвортой байдлыг хадгалах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор авто замын бүтээн байгуулалтын ажил хийхээр тусгасан байдаг. Үүний дагуу аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн даалгавраар
“Гео зураглал” ХХК аймгийн төв дотор тавих 10 км хатуу хучилттай замын нарийвчилсан зураг төсөл, Ховд-Чандмань чиглэлийн 62 км авто замын ТЭЗҮ-ийн хамт боловсруулж, хүлээлгэн өглөө. Зураг төслийг аймгийн Засаг даргын ЭЗХБ хариуцсан орлогч Ш.Батсүх, Засаг даргын зөвлөх Т.Баатарзориг, Хөрөнгө Оруулалт Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн Хэлтсийн дарга Б.Баярсүх, мэргэжилтэн Ц.Сувдаа, ахлах мэргэжилтэн, Ховд хотын ерөнхий архитектор Б.Түмэндэмбэрэл, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Цогбаяр, ГХБХБГ-ын дарга Э.Дөлбадрах, мэргэжилтэн Б.Төгөлдөр, Цагдаагийн газрын ЗЦТ-ын дарга цагдаагийн ахмад М.Ганболд, МХГ-ын Авто замын улсын байцаагч Б.Ганзориг нар хянаж, хүлээж авлаа.
Төслийн багийнхан шороон зам болон хучилттай замаар зорчих тээврийн хэрэгслийн шатахуун зарцуулалт, элэгдлийн хэмжээ харьцангуй бага болох тооцоог гаргасан байна. Тухайлбал, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардлын хэмнэлт жилд 6.6-11.1 мян.төг болж байгааг тооцжээ. Ийнхүү Эдийн засгийн хувьд үр ашигтай байхаар төлөвлөсөн, зураг төслийн ажлын даалгаврын биелэлтийг бүрэн хангаж гүйцэтгэсэн гэж үзэж зураг төсөл болон ТЭЗҮ-ийг хүлээж авлаа. Удахгүй авто замын нарийвчилсан зураг төсөл болон тендерийн бичиг баримтыг боловсруулж, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гүйцэтгүүлэхээр төлөвлөөд байна. Дээрхи ажлуудыг 2018, 2019 онд үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм.