Гал түймэрт өртсөн гэр бүлд аймгийн Онцгой комиссоос мөнгөн тусламж үзүүлэв



Жаргалант сумын Бугат багийн иргэн Б.Ариунболдынх 2017 оны 12 сарын 30-нд цахилгааны улмаас гал түймэрт өртсөн байна. Тухайн өдөр гэрт нь 5-6 настай хоёр хүүхэд байсан бөгөөд тэд гал гарч эхлэнгүүт яаралтай гэрээс гарч ээж рүүгээ утасдан мэдэгдсэнээр галын аюулаас холуур өнгөрчээ. Гал гарсан дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид дуудлага хүлээн авсан даруйд яаралтай очиж шуурхай арга хэмжээ авчээ. Азаар хүүхдүүд эсэн мэнд үлдсэн ч гэрийн доторх тавилга хэрэгсэл болон байшингийн дотор хэсгийн хоёр өрөө галд өртөж өвлийн ид хүйтэн эхэлсэн энэ хүнд үед орон гэргүй болоод байгаа бөгөөд одоогоор айлын гэрт түр байрлаж байгаа юм байна. 



Аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт нар өнөөдөр Жаргалант сумын Бугат багийн иргэн Б.Ариунболд түүний гэр бүлийнхэнтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр тус айлд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв.
Мөн ХХҮХ-ийн зүгээс гал түймэрт өртсөн айл өрхөд олгох журмын дагуу мөн 1,2 сая төгрөг олгох юм байна. Б.Ариунболд нь Ховд дулааны станцад ажилладаг бөгөөд байгууллага хамт олных нь зүгээс 1,6 сая төгрөгийн мөнгөн тусламж болон эд материалын болон бусад зүйлсээр тусалж байгаа аж. Өвлийн энэ хүйтэнд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд бага насны хүүхдүүдээ ямар нэгэн байдлаар хараа хяналтгүй, гэртээ үлдээхгүй байхыг аймгийн Онцгой комиссын зүгээс анхааруулж байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ