ТЭНГЭРИЙН БҮСГҮЙ
Өнгөрсөн хавар “Эрдэнэт” үйлдвэрт кранчидын ажил мэргэжлийн уралдаан явагддаг юм. Хэсэг, цехээсээ шалгарсан шилдгүүд үйлдвэрийн аваргын төлөө тун няхуур үзэж байлаа. Дөрвөн давхар байшинтэй тэнцэхүйц өндөр краны кабинаас тээр дор байгаа устай хувинг олж оосорлон өгөгдсөн тодорхой түвшинд нүдэн баримжаагаар өргөн туг сүлжээд, оноосон байн дээр шүхэрчин газардахын адил буулгахыг харах үнэхээр бишрэм. Энэ тэмцээнд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн краны машинч Содномдоржийн Наранжаргал түрүүлж билээ. Гүүрэн краны шатаар гүйх нь халаг сурмаг бууж ирэх энэ бүсгүй 20 настай хонгор зүстэй байхаасаа “тэнгэрийн аялалд” гарчээ.
Аав, ээжийн хэнз охин 10-р анги төгсөөд алс явж эрдэм сурах байсан ч эрх дураар зангаар бүгдийг дийлж Булган аймгийн Гурванбулаг сумандаа үлджээ. Урин цагт өвөөгийндөө ирж зусдаг Эрдэнэтийн хүүг битүүхэн мөрөөдөж, зам харуулдан суусан нь саяхан. Түүний хүлээлт талаар болоогүй. Нэг л өдөр өвөөгийн жаахан хүү том эр болон нутагтаа ирж үеийн хонгороо ёс төртэй гуйж авч одсон. Хосууд анхны үрийн зулай үнэрлэн нялхарах үед хань нь эх орны том бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгааны нэгэн судлыг найдвартай ажиллагаагаар ханган ажилладаг байлаа. Тэр жил С.Наранжаргал нөхрийнхөө ажлыг, нүсэр үйлдвэр нүргэлэн эрдэнэс ундрааж байгааг нүдээр үзэж ихэд бахархжээ. Тэр дундаа “газрын” хүмүүсийн дохио зангаагаар хүнд ачаа өргөн тээвэрлэж, анхаарал алдалгүй ажилдаа махрах “тэнгэрийн бүсгүйчүүд” онцгой гайхамшиг санагджээ. Багш болох мөрөөдөл нь кранчинаар солигдож, одоогийн Технологийн сургуулийн суурь Сургалтын төвийн краны машинчийн курс төгссөнөөр “тэнгэрийн зам”-ын үүд түүнд нээгдсэн. Тухайн үед Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн технологичоор ажиллаж байсан Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Рагчаа гуай түүнийг хамгийн чадварлаг кранчиндаа шавь оруулж дагалдуулсан нь өнөөдөр аваргын болзол хэдэнтээ хангахын эхлэл байлаа. Тэрээр Бунтар багшийгаа бүтэн сар ёстой унага шиг дагасан. Ямартаа л хаана ч байсан хамт явахыг нь харсан хүмүүс ижилхэн том алаг нүдтэй ээж, охин гэж эндүүрэх вэ дээ. Ингэж л С.Наранжаргал насан туршдаа жаргах нэгэн насны мэргэжлээ олсон. Анх удаа багшгүйгээр, краны кабинд ганцаар сууж бие даан ажиллахдаа гар нь чичирч, зүрх нь цээжиндээ багтахгүй мэт цохилж байсан нь амьдралынх нь мартагдашгүй гэгээн дурсамжийн нэг гэнэ. Өндөрт гарахаар толгой эргэж, даралт ихэсдэг байж билээ гэж дурсахдаа одоо өөрийгөө шоолон инээж сууна. Тэр цагаас хойш 20-иод жил өнгөрчээ. Шавь нартаа хүндлэгдсэн багш байхын гайхам сайхныг мэдэрч, краныхаа кабинд үр хүүхдүүдийнхээ ирээдүйг гэрэлтэйгээр төсөөлөн мөрөөдөхдөө ч анхаарал алдахгүй, аюулгүй ажиллахаа умартахгүй архаг кранч болсон.
С.Наранжаргалтай эртлэн уулзахад тэрээр шөнийн ээлжээс бууж байв. Арван хоёр цаг “тэнгэрээр аялан” нойргүй ажилласан гэхэд нүд нь очтоод жавхаатай харагдана. Хүдэр нунтаглан баяжуулах тээрмийн засварын ажлыг шөнөжин гүйцэтгэсэн гэнэ. Уул уурхайн үйлдвэрийн үндсэн том тоног төхөөрөмжийн эд ангийг кранаар зөөвөрлөн угсарч тохируулдаг байна. Үйлдвэрийн нүргэлсэн их дуу чимээ, чичиргээн дунд журмын нөхдийнхөө дохио зангааг нүд салгалгүй ажиглан өндрөөс нарийн тохиргоо засвар хийх амаргүй. Гэсэн ч тэр энэ ажилдаа дэндүү гаршиж дасчээ. “Эрдэнэт” үйлдвэрийн бахархал болсон энэ бүсгүй амьдралынхаа ихэнх он жилийг “тэнгэрт” туулахдаа анч бүргэд мэт гярхай няхуур байж, минут хором бүртэй уралдан баялаг бүтээсэн. Гэлээ гээд нялх хүүхэдтэй айлын эзэгтэй гэртээ өдөржин унтаж амрах нь юу бол...
Анх ажилд ороод удаагүй байх үед С.Наранжаргалыг вагоноос ууттай ган бөөрөнцөг кранаар буулгаж байгааг нөхөр нь доороос харчихаад “ханийгаа ер нь ямар ч ажилд оруулчихав даа” гэж нэгэнтээ эргэлзэж зогссон гэдэг. Одоо тэд гурван хүүхдийн аав, ээж болцгоожээ. Амаржих дөхсөн үедээ ч краныхаа шатаар түүртэлгүй авираад гардаг байсан гэх. Хүмүүсийн дохиог харахаар мэрийн тонгойход хэвлий дэх үр маань шахагдаад огцом хөдөлдөг байж билээ гэж ярихдаа танан цагаан шүднээсээ гэгээ татуулан инээх энэ бүсгүй “Эрдэнэт” үйлдвэрийн үнэт баялаг. “Тэнгэрт” тээгдсэн хүүхдүүд эхнээсээ Японд боловсрол эзэмшсэн ээж аавдаа, эх орондоо хэрэгтэй иргэд болон өсч байна.
С.Наранжаргал цехийнхээ Үндэсний хөгжмийн “Эгшиглэн” хамтлагийн ятгачин. Эднийхэн “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын Урлагийн Их наадмын хөгжмийн төрөлд удаа дараа тэргүүлж, Нийслэлд тоглолтоо хийгээд амжсан авьяастнууд. Ирэх аравдугаар сард хамтлаг нь тайлан тоглолтоо хийх гээд тун завгүй явна.
Тэр маргааш дахиад шөнийн ээлжинд өндөрт заларна. Амсхийх чөлөөгүй ажилласаар өглөөтэй золгоно. Баяжмалын үнэр ханхлуулан гэртээ харина. Бор уулынхаа буянд бондойж байна гэж хүүхдүүддээ ярина...
М.ОДГЭРЭЛ