"Баянзүрх уулын хишиг барилдаан"-д Ховдын харцагууд түрүү булаалдав.


МҮБХ-ноос санаачлан зохион байгуулж эхэлсэн "Дөрвөн уулын хишиг барилдаан"-ы нэг "Баянзүрх уулын хишиг барилдаан"-ы 11 дэх удаагийнх 10 дугаар сарын 8 ны өдөр Монгол Бөхийн Өргөөнд боллоо. Өнгөрөгч сар шинийн барилдаанаас өнгөрсөн долоо хоногт болсон Эрчим хүчний салбарын барилдаан хүртэлх улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн 15 барилдааны амжилтын чансааг МҮБХ гаргасан байна. Уг чансаанд багтсан шилдэг 128 бөх Баянзүрх уулын хишиг барилдаанд хүч сорижээ. Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын заан Д.Баасандорж нар магнайлсан барилдаанд улсын арслан гурав, улсын заан хоёр, улсын харцага ес, улсын начин 21/улсын цолтой бүгд 35/, аймаг цэргийн арслан 53, аймгийн заан 10, аймгийн харцага 15, аймгийн начин 15 зодоглосон юм. Нэгийн даваанаас нэн өрсөлдөөнтэй өрнөсөн уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага Оргихын Хангай долоо даван түрүүлж, мөн аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв. Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш нар шалгарлаа.

 Эх сурвалж:МедиаСпорт
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ