Энэ сарын 6-8-ны өдрүүдэд Баянхонгор аймагт гал унтраах техникийн олон төрөлт спорт холбооны клубын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Төвийн бүсийн “Од”, Хойд бүсийн “Алтангадас” Баруун бүсийн “Алтайн бүргэд” клубүүдийн шигшээ багууд болон урилгаар Монгол улсын залуучуудын шигшээ баг, Хууль сахиулахын их сургууль, гал түймэр унтраах аврах 10-р ангийн нийт 8 багийн 60 орчим тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодруулна. Тус тэмцээнд Баруун бүсийн “Алтайн бүргэд” клубаас баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын 3, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 4, Увс аймгийн Онцгой байдлын газрын 2 тамирчин, ахлах ахлагч Э.Эрдэнэбатаар ахлуулсан нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнд оролцох юм.
Уг тэмцээн нь 2 дахь удаагаа Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2015 онд болсон Гал унтраах техникийн олон төрөлт спорт холбооны клубын аварга шалгаруулах анхны тэмцээнд Баруун бүсийн “Алтайн бүргэд” клубын шигшээ баг багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарч хүрэл медаль хүртэж байсан.
Тус тэмцээн нь Гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдарыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг иргэд олон нийтэд сурталчлах, энэ спортоор хичээллэх албан хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой юм.