Монгол Улсын Гавъяат тамирчин, Олон улсын мастер Лхамсүрэнгийн Мягмарсүрэнгийн нэрэмжит “ХОВД-2017” тэмцээний аваргууд тодорлоо.


Монгол Улсын Гавъяат тамирчин, Олон улсын мастер Лхамсүрэнгийн Мягмарсүрэнгийн нэрэмжит “ХОВД-2017” нээлттэй тэмцээн боллоо.  Энэхүү тэмцээнийг Ховд аймгийн ЗДТГ, Монголын шатрын холбоо, Жаргалант сумын ЗДТГ, ИТХ-ын нийгмийн хороо, аймгийн Шатрын холбоо хамтран Ховд аймгийн Биеийн Тамир Спортын Газрын 70 жилийн ойн хүрээнд 9 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд зохион байгууллаа. 


Уг  тэмцээнд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн шатарчдаас гадна ОХУ-ын Горны-Алтай, Бүгд Найрамдах Тува улсын шатарчид гээд нийт 102 шатарчин ур ухаан, цэцэн билгээ сорин оролцов. Мөн Монголын Шатрын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч Т.Сумъяа, МШХолбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нарын хүндэт зочид оролцож Олон улсын шатрын холбооны шүүгч Ч.Бадрал уг тэмцээнийг шүүж, тэмцээний нарийн бичгээр Б.Балдорж  ажилласан бол МУГТ, МУ-ын 8 удаагийн аварга, их мастер Б.Хатанбаатар, МУГТ, ОУ-ын мастер, эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул, МУ-ын 3 удаагийн аварга, их мастер Д.Шаравдорж, МУ-ын 3 удаагийн аварга, 2017 онд МУ-аас анх удаа дэлхийн цомд шалгарсан их мастер Ц.Батчулуун, МУ-ын 4 удаагийн аварга, их мастер Б.Гүндаваа, Дэлхийн шатрын холбооны мастер Т.Мөнхзул зэрэг Монгол улсын нэрийг Дэлхийд гаргадаг туршлагатай, шилдэг шатарчид Ховд аймагт хүрэлцэн ирж, уг тэмцээнд оролцсон нь энэ тэмцээний нэг онцлог байлаа. 


Энэ үеэр шилдэг шатарчид аймгийн төвийн ЕБ-ын 8 сургууль болон Манхан сумын сургуульд хүрэлцэн очиж, шатрын клубын сурагчидтай өрөг тавилаа. Энэ нь шатар сонирхогч хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд том туршлага болж, орон нутгийн шатрын клубыг идэвхижүүлэх ач холбогдолтой байлаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байв. Хоёр үе шаттай явагдсан бөгөөд Нээлттэй тэмцээний 1-р байранд ОУХМ Б.Гүндаваа, 2-р байранд ОУХМ Гүнбаяр, 3-р байранд Өсвөрийн сонирхогчдын дэлхийн аварга С.Билгүүн нар тус тус шалгарчээ. Харин Баруун таван аймгийн аварга шалгаруулах тэмцээний 1-р байранд Говь-Алтай аймгийн баг тамирчид, 2-р байранд Ховд аймгийн баг тамирчид, 3-р байранд Увс аймгийн баг тамирчид тус бүр шалгарсан байна. Тэмцээний хаалтын арга хэмжээнд аймгийн засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг нар оролцож шилдэг тэргүүний шатрчиддаа шагнал гардууллаа.




 
 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ