Ховдчууд 7 хоног бүрийн Пүрэв гарагт бүх нийтийн цэвэрлэгээ хийж хоггүй хотын төлөө ажиллана.


Ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилтын хүрээнд өчигдөр “Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааны нээлтийг зохион байгуулж  Жаргалант сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллага, аж ахуй нэгжүүд Буянт гол дээр бүх нийтийн их цэвэрлэгээг  хийлээ.   


Энэ удаагийн бүх нийтийн цэвэрлэгээний хүрээнд Ойн бүсээс Буянт гол дагуу уруудуулаад Буянтын зуслан хүртэлх талбайн хур хог хаягдлуудыг цэвэрлэсэн бөгөөд нийт 28 машин хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Ихэвчлэн ундааны сав, гялгар уут, үхсэн малын сэг зэм, архины шил, лааз гэх мэт байгаль орчинд болон хөрсний бохирдолд сөрөг нөлөөтэй хог хаягдлууд их байжээ. Тиймээс иргэд та бүхэн амарч зугаалахдаа хог хаягдлаа зориулалтын цэгт хаяж, байгаль орчноо бохирдуулахгүй байх нь чухал юм. Энэ нь эргээд бидний амьдарч буй орчин нөхцөлд  экологийн тэнцвэрт байдал алдагдахгүй байх нөхцөл бүрдэх юм.


Ийнхүү “Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааны хүрээнд долоо хоног бүрийн Пүрэв гарагийг аймгийн Засаг даргын захирамжаар бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгох ажил биелэлээ олж эхэллээ. Ирэх долоо хоногийн нийтийн их цэвэрлэгээг Урд хэсэг буюу Ховд хотын урд захаас модон овооны хөтөл хүртэл цэвэрлэхээр төлөвлөжээ. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ