Аймгийн Засаг даргын захирамжаар 5 сая төгрөгийн шагналын сантай “Цэвэрч ховдчууд” болзолт уралдаан зарлагдлаа.


Аймгийн Засаг даргын захирамжаар долоо хоног бүрийн Пүрэв гарагийг Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгон зарлаж байгаа бөгөөд энэ хүрээнд “Цэвэрч ховдчууд” болзолт уралдааныг зарлалаа. Уг арга хэмжээний хүрээнд хийгдэх эхний ээлжийн ажил болох бүх нийтийн цэвэрлэгээг энэ пүрэв гараг буюу 9 сарын 7-нд Буянт голын ай сав газрыг хамран зохион байгуулах юм.

“Цэвэрч ховдчууд” болзолт уралдаан нь Ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилтын хүрээнд хүүхэд багачуудыг зөв хандлага, сэтгэлгээтэй болгох, төлөвшүүлэх, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, арчилан хамгаалах, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, аймгийн нутаг дэвсгэрийг цэвэр, хоггүй орчинтой болгох зорилготой юм.

Уралдааныг улирал бүр явуулах бөгөөд эхний болзолт уралдааны тайлан мэдээг 2017 оны 12 дугаар сарын 08-ны дотор дүгнэх ба нийт 5 сая төгрөгийн шагналын сантай юм. Үүнд: Шилдэг сум, Шилдэг байгууллага, Жаргалант сумын Шилдэг баг, Шилдэг сууц өмчлөгчдийн холбоо, Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага гэсэн ангиллаар явуулах юм. Иймд иргэн, аж ахуй нэгж байгууллагууд та бүхнийг уг үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцохыг уриалж байна. 


НЭГ. БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

“Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, хүүхэд багачуудад зөв хандалга, сэтгэлгээг төлөвшүүлэх, сум, баг, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог цэвэрлэгээ, цуглуулалт, тээвэрлэлтийг идэвхжүүлэх, эргүүлэн ашиглалтыг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, арчилан хамгаалах, аймгийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр, ногоон орчинг бүрдүүлэх, зорилгоор сум, баг, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд болзолт уралдааныг зохион байгуулж байгаа болно.

ХОЁР: ХАМРАХ ХҮРЭЭ

Ховд аймгийн 17 сум, бүх албан байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцоно.
 
ГУРАВ: ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА

Болзолт уралдааныг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд эхний шат болгон зохион байгуулна.

                                                                           ДӨРӨВ: БОЛЗОЛ

Уралдааныг дараахь үндсэн 4-н чиглэлээр зохион байгуулж дүгнэнэ. Үүнд:

1. Үндэсний мод тарих өдрийн хүрээнд зохион байгуулсан ажил.

2. “Тогтвортой хөгжил, ногоон хөгжил”-ийн талаар зөв дадал, хандлага, сэтгэлгээг бага насны хүүхдэд, багачуудад төлөвшүүлхэд чиглэн зохион байгуулсан арга хэмжээ.

3. Нийтийн эзэмшлийн болоод албан байгууллага, аж ахуйн нэгжийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ.

4. Хог хаягдлын дахин ашиглалт, цуглуулалт, тээвэрлэлт.

 ТАВ: ДҮГНЭХ ЖУРАМ

5.1. Үндэсний мод тарих өдрийн хүрээнд зохион байгуулсан ажил.

Үндэсэний мод тарих өдрийн хүрээнд сумын иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг уриалан, хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар дамжуулан сурталчилгааны материалыг тараах. /бэлтгэсэн сурталчилгааны материал, цахим хуудаст байршуулсан мэдээллийг баталгаажуулан ирүүлэх/
Үндэсний мод тарих өдрийг угтан тарьц, суулгацны үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, оролцох  
Үндэсний мод тарих өдрийг 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн “Бямба” гаригт зохион байгуулах. /тарьсан модны тоог харгалзан үзэх, санхүүгийн баримтын хамт, фото зургаар баталгаажуулан ирүүлэх/
 

5.2. “Тогтвортой хөгжил, ногоон хөгжил”-ийн талаар зөв дадал, хандлага, сэтгэлгээг бага насны хүүхдэд, багачуудад төлөвшүүлхэд чиглэн зохион байгуулсан арга хэмжээ.

Сумдын Засаг даргын Тамгын газар, Сумын ерөнхий боловсролын сургууль хамтран “Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор “ЗӨВ ХҮҮХЭД”-ийг бий болгох талаар орон нутгийн онцлогт тохирсон дэд хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлж эхэлсэн байх. /хөтөлбөрийг боловсруулж буй явцын фото зураг болон батлагдсан хөтөлбөрийн хамт ирүүлэх/
Хүүхэд багачуудын дунд эссэ бичлэг, гар зургын уралдаан зохион байгуулж,  гарсан сайн санал, санаачлагыг дэмжин үйл ажиллагаандаа тусган ажиллах. /шалгарсан эссэ болон зургын хуулбар хувийг ирүүлэх/ 
5.3. Нийтийн эзэмшлийн болоод албан байгууллага, аж ахуйн нэгжийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ.
Долоо хоног бүрийн “Пүрэв” гаргийн 0900-1200 цаг хүртэл гудамж, зам талбайн цэвэрлэгээг хийх бөгөөд, батлагдсан хуваарийн дагуу ажилласан байдлын өдөр тутмын бүртгэл хөтлөн, тайлан гаргах. /фото зургаар баталгаажуулах/
Сумдын Засаг дарга нар тухайн сумын нийтийн эзэмшлийн зам талбай, зам дагуух ногоон байгууламжуудыг албан байгууллагуудад хувиарлан цэвэрлэгээ, усалгааг тогтмол хийлгүүлэх. /хувиарласан хуваарь, фото зургын хамт/
Нийтийн эзэмшлийн болоод, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил газарт хогийн сав шинээр бий болгох, хогийн саванд хуримтлагдсан хог хаягдлыг цуглуулах хуваарь гаргаж мөрдүүлэх, хогийн сав, сандлын тоос шороог арчиж цэвэрлэж хэвших
Гэр хорооллын гудамж, гуу жалгыг иргэдийн бүлэг байгуулж, тогтмол цэвэрлэгээтэй болгох.
Сумдын Засаг даргын Тамгын газар эзэнгүй нохой, муурыг устгаж, зам талбайн гэрэлтүүлгийг жигд ажиллагаатай болгож иргэдийн амгалан, тайван амьдрах нөхцөл, бололцоог ханган ажиллах. /фото зургаар баримтжуулан ирүүлэх/
5.4. Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт.

Айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх хуваарь, маршрутыг батлуулан мөрдөх;
Хог тээврийн хуваарийг айл өрх бүрт тарааж өгөх ба хуваарийн дагуу цуглуулалт, тээвэрлэлтийг хийх;
Ил задгай хогийн цэгүүдийг дахин үүсгүүлэхгүй байх арга хэмжээг авч, устгасан байх;
Хог тээврийн автомашиныг тогтмол угааж цэвэрлэж хэвших;
Ачигч, жолоочийг ажлын жигд цэвэр хувцсаар хангаж, тогтмол өмсгөж хэвшүүлэх;

ЗУРГАА: БОЛЗОЛТ УРАЛДААНЫГ ДҮГНЭХ:

6.1. Болзолт уралдааныг сумдад зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар байгуулан ажиллах бөгөөд ажлын хэсэг нь тайлан мэдээг бэлтгэн, холбогдох фото зураг, бусад баримтын хамт 2017оны 12 дугаар сарын 08-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ. Үүнд:

      - Сумын Засаг дарга, албан байгууллагын албан тоот

      - Ажлын хэсэг байгуулсан тушаал, захирамж

      - Ажлын болзолт уралдааны хугацаанд зохион байгуулсан ажлын тайлан

      - Фото зураг

      - Зарцуулсан санхүүгийн баримтууд

      - Хөтөлбөр болон бусад материал

6.2. Аймгийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн холбогдох байрыг эзлүүлнэ. 

ДОЛОО: ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

Нийт шагналын сан 5000000 төгрөг /таван сая/

7.1. ШИЛДЭГ СУМ

1. Нэгдүгээр байр – 1000000 төгрөг /нэг сая/

2. Хоёрдугаар байр  – 800000 төгрөг /найман зуун мянга/

3. Гуравдугаар байр  – 500000 төгрөг /таван зуун мянган/

7.2. ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ

1. Нэгдүгээр байр – 500000 төгрөг /таван зуун мянга/

2. Хоёрдугаар байр  – 300000 төгрөг /гурван зуун мянга/

3. Гуравдугаар байр  – 200000 төгрөг /хоёр зуун мянга/

7.3. ЖАРГАЛАНТ СУМЫН ШИЛДЭГ БАГ

1. Нэгдүгээр байр – 400000 төгрөг /дөрвөн зуун мянга/

2. Хоёрдугаар байр  – 300000 төгрөг /гурван зуун мянга/

3. Гуравдугаар байр  – 200000 төгрөг /хоёр зуун мянган/

7.4. ШИЛДЭГ СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО

1. Нэгдүгээр байр – 300000 төгрөг / гурван зуун мянга/

2. Хоёрдугаар байр  – 200000 төгрөг / хоёр зуун мянган/

7.5. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА

1. Нэгдүгээр байр – 200000 төгрөг /хоёр зуун мянга/

2. Хоёрдугаар байр  – 100000 төгрөг /нэг зуун мянган/

 НАЙМ: ХАРИУЦЛАГА

Сумынхаа иргэдэд эрүүл, аюулгүй, ногоон орчинг бүрдүүлэх үйл ажиллагаанд идэвхи санаачлагагүй оролцсон сумдын Засаг дарга нарт хариуцлага тооцох арга хэмжээ авна. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ