Алтайн магтаал, туульс зэрэг түүх соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх үүднээс “Дэлхийн соёлын биет бус өв Монгол туульсад” зориулан Хөшөө цогцолбор бүтээн босгох санаачлагыг одоогоос 2 жилийн өмнө Ховд аймгийн уугуул Бийцээгийн Үнэнбат санаачлан эхлүүлж байжээ. Нутгаа гэсэн, түүх соёлоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийн сэтгэлийн дэм хандиваар “Хан алтайн дуулал” цогцолбор бий болж, нээлтийн үйл ажиллагааг 8 дугаар сарын 05-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа.
ВИДЕО:
"Хан алтайн дуулал" хөшөө нь суурьтайгаа нийлээд 15-16 метр өндөртэй, цэвэр хүрлээр хийгдсэн байна. Энэхүү сүрлэг хөшөөг Монгол улсын Төрийн соёрхолт Л.Ганхуяг бүтээн босгосон бөгөөд дархан цаазат амьтадаар төлөөлүүлэн сав шимийн ертөнц, огторгуйн тайлагдашгүй нууцад нэвтэрсэн мэт гүн сэтгэгдэл төрүүлэм дүрслэлийг сонгодог урлагийн ерөнхий дэг жаягтай хослуулан үзүүлэхийг зорьсон байна.
Тус цогцолборын зураг төслийг “БАЛДАНС” ХХК, Барилгын гүйцэтгэлийг “Баруун Монгол Интернейшнл” ХХК, Авто зам зогсоолын ажлыг “АЗЗА” ТӨХК, Гадаад тохижилтыг “Буянт стандарт” ХХК, Дотор засал чимэглэлийг “ARCHJS” ХХК гүйцэтгэжээ. “Хан алтайн дуулал” цогцолбор нь олон ястны өлгий Ховд нутгийн харьяат, нутгаа гэсэн сэтгэлтэй 40 гаруй хүний сэтгэлийн хандиваар өөрөөр хэлбэл тэрбум 500 орчим сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр цогцлоон бүтээсэн нь энэ юм.